ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-23 12:57:05

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Сангийн яам энэ оны 12 дугаар сарын 5-наас эхлэн ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгаагаа мэдэгджээ. 


Тус яамны мэдээлснээр, ОХУ-ын газрын тосны үнийн таазыг АНУ болон түүний холбоотнууд боловсруулах шаардлагатай байгаа хэд хэдэн "техникийн журам" гарсны дараа тогтоох бөгөөд тээврийн болон даатгалын зардлыг оруулахгүй байна. 


Хэрэв тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй үнээр худалдаж авах бол Оросын газрын тостой холбоотой хэлцэлд үйлчилгээ үзүүлэхийг Америкийн хувь хүн, хуулийн этгээдэд зөвшөөрнө. Ийм үйлчилгээнд худалдааны, зуучлалын, санхүүгийн, гаалийн зуучлалын, тээврийн, даатгал болон нөхөн төлбөрийн, хөлөг онгоцны бүртгэлийн зэрэг үйлчилгээнүүд орох аж. 


АНУ-ын Сангийн яам мөн "Сахалин-2" төслийн хүрээнд Япон руу далайгаар эрчим хүчний эх үүсвэр тээвэрлэхтэй холбоотой гүйлгээг зөвшөөрсөн боловч 2023 оны есдүгээр сарын эцэс хүртэл зөвшөөрсөн байна.


Түүнчлэн Болгар, Хорват болон далайд гарцгүй ЕХ-ны хэд хэдэн орныг холбогдох хязгаарлалтын арга хэмжээнээс хасжээ. 


АНУ-ын Сангийн яам ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх удирдамжийг ойрын үед нийтлэхээр төлөвлөж байна. 


Холбоотой мэдээ