Ц.Эрдэнэчимэг: Хэн юу хийж чадна, тэр хүн илүү цалин авах боломж бүрдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-29 23:11:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэгтэй уулзаж ярилцлаа.


-Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа нэлээд өргөжиж техник тоног төхөөрөмж сайжирч, эмчилгээний чанар хүртээмж дээшилж байгаа гэж сонслоо. Мөн эрт илрүүлгийн үзлэг, оношилгооны ажлын явц хэр байна вэ?

-2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар манайд 2 том ажил хийгдсэн. Нэг нь эрт илрүүлгийн үзлэг явуулах. Өөрөөр хэлбэл 4 насны багцаар бүх насныханд эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ хийх. Энэ ажлын санхүүгийн асуудал шийдэгдээд манайд 1.8 тэрбум төгрөгийн өртөгтэй эрт илрүүлгийн байрны засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, тавилга хэрэгслийн хөрөнгө оруулалт орсон. Ингээд өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс энэ ажил улс даяар эхэлсэн. Одоогоор иргэд маш идэвхтэй оролцоод явж байна.

Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэх үзлэгт 3000-аад хүн ороод байна. Үзлэгээр ялангуяа зонхилон тохиолдож байгаа зүрх судас, артерийн даралт ихсэх, хавдар, халдварт бус нийтлэг өвчлөлүүдийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой. 17 хүртэлх насны хүүхдүүдэд анхан шатны тусламж үйлчилгээг өрх, сумын эмнэлэг хийж байгаа. Харин 18-аас дээш насныханд эрт илрүүлгийн төв үйлчилгээ үзүүлж байна. Энэ төвд одоогийн байдлаар дурангийн, эхоны эмч ажиллаж, рентген шинжилгээнүүд, зүрхний бичлэг, биеийн өндөр, жин, кальцийг тодорхойлох, бусад асуумжийн шинжилгээнүүд, хавдар илрүүлэх маркерүүд, өтгөнд далдас илрүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа.

Өмнө нь манайд хийдэггүй байсан олон төрлийн шинжилгээнүүдийг хийж, бусад эмч нар маань дүгнэлт хийж байна. Ингээд тухайн хүнд ямарваа нэгэн өвчин илэрвэл цаашаа амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн мэдэлд илгээж байгаа. Хүмүүс тэр бүр хийлгэж чаддаггүй ходоод, улаан хоолой, хоол боловсруулах замын дуранг энэ төвд их хийлгэж байна. Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээг хийж байгаа. Мөн бүдүүн, шулуун гэдэсний хавдар эмгэгийг илрүүлэх өтгөнд далдас илрүүлэх, шижигтэй тохиолдолд цааш нь гүнзгийрүүлэн судлах анхан шатны шинжилгээнүүдийг хийж байна.


-Энэ төв маш сайхан тохижсон харагдана. Өдөрт хэчнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна. Хүмүүсийн идэвх ямар байна вэ?

-Эрт илрүүлгийн орчин нөхцөл маш сайхан нийцсэн. Гүйцэтгэсэн компани засвар үйлчилгээг сайн хийж өгсөн. Энд байнгын 7-8 хүн үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар энэ төвд хүн төрсөн өдрөөсөө хойш дараа оныхоо төрсөн өдрөө хүртэлх 1 жилийн хугацаанд ЭМД-аараа үйлчлүүлнэ. Нэмэлт төлбөр байхгүй. Эхлээд иргэд маань нэг их ойлгохгүй байсан. 5-6 дугаар сард ачаалал бага байсан. Харин одоо бол ерөнхийдөө 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх бүх цаг дууссан. Өдөрт бид 25 хүн үздэг. Яагаад гэвэл шинжилгээ чанартай байх ёстой. Хүчин чадал сайн байх ёстой. Хамгийн гол зүйл бол дурангийнхаа хүчин чадалд захирагдаж байна. Тэгээд тодорхой 2-3 хоногт бүх хариу нь гарсан байхаар зохион байгуулж байгаа учраас өдөрт 25-аас хэтрүүлэхгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Энэ үзлэг цааш үргэлжлээд явна.


-Аймгийн Нэгдсэн эмнэлэг жилийн жилд халдаггүй хүйтэн гэж шүүмжлүүлдэг. Өвчтэй хүмүүс эмчлүүлэх гэж хэвтээд нэмж өвчин аваад гарлаа гэх яриа ч байдаг. Энэ жилийн тухайд халаалтын системдээ бүтээн байгуулалтын өөрчлөлт хийсэн гэсэн энэ талаараа сонирхуулаач?

-Уул нь 2 талын халаалттай явах ёстой барилга маань сэнсэн халаалтынх нь төхөөрөмж байхгүй болсон учраас 50 хувийн халаалттай явж байсан. Намайг анх 2013 онд ажил авч байхад манай ажилчид өвлийн цагт үстэй, годон гуталтайгаа ажил дээрээ явдаг байлаа. Эмнэлэг дотор тийм үстэй ноостой гуталтай явах ёсгүй шүү дээ. Гэтэл тийм их хүйтэн учраас өмсдөг байсан. Иргэд мэднэ. Ингээд 2014 онд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар аппарат тоног төхөөрөмжүүд маш мэдрэг, өрөөний хэм 17-гоос доош буунгуут бүгд ажиллахаа больчихдог. Маш их хэцүү байсан.

2014 оны аймгийн ИТХ-аар дулаан, цэвэр бохир ус, агааржуулалтын системийн эх засварын төсвийг хийгээд, 76 сая төгрөгийн аймгийн хөрөнгө оруулалтаар зураг төсвийг нь хийгээд батлагдсан. Харамсалтай нь ЭМЯ, 6 дахь сайдын нүүр үзэж байж, ноднин Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд хамт ирж байж газар дээр нь шийдээд энэ хөрөнгө оруулалтыг хийе гэдэг шийдвэр гарч энэ ажил маань эхэлсэн. Энэ жил нийтдээ 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил эхэлсэн. Эхний удаад халаалтын системээ бүрэн дуусгана. Одоо сүүлийнхээ хэсгийн халаалтыг өгч эхэлж байна. Дараа нь үе шаттайгаар хийнэ. Манайх ганцхан том барилгатайгаас гадна дагавар барилгууд байдаг. Эдээрийн халаалтын асуудлыг бас хуучнаар нь өгсөн. Ирэх жил үргэлжлээд халаалт, агааржуулалтын систем, бие засах өрөө, угаалтуур гээд ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэх ажил хийнэ.

Өвчтэй хүн ирээд давхар өвчин аваад гарлаа гэж ярьдаг байсан нь оргүй зүйл биш. Үнэхээр орчин нөхцөл өвлийн цагт хүнд байсан. Эмнэлгийн халаалтад аймгийн удирдлагууд санаа тавиагүй биш, тавьсаар ирсэн. Тухайлбал аймаг 2 удаа энэ халаалтын систем дээр хөрөнгө гаргасан. Өнгөрсөн жил мэргэжлийн хүн 11 дүгээр сарын 26-нд яг өдийд юм байна тохируулга хийсэн. Тэгэхэд 3-4 хэмээр нэмэгдсэн. Бид 2015 оны өвөл 12 дугаар сарын 31-нд тэг зогсолт хийж, 70 гаруй сая төгрөгөөр бас тохируулга хийж нэг амсхийж байсан. Ингээд сайжирсаар өнөөдөр өрөөний температур 22-23 хэмтэй болсон. Халаалт бол яг бүрэн хүчин чадлаараа ирээгүй байхад ийм байгаа юм чинь энэ өвөл ер нь эмнэлэг дулаан байх нь. Манай хүмүүс сэтгэл өндөр, ажилчид маань ч ая тухтай нөхцөлд ажлаа хийхээр боллоо. Үстэй гуталтай биш, нөгөө стандартын шаардлага хангасан хувцас хэрэгсэлтэйгээ ажиллах боломж бүрдэж байна. Энэ мэт анх төлөвлөсөн ажил шат дараатай хийгдсээр байгаад 30 жилийн дараа сангийн ажил жинхэнэ ёсоороо шинэчлэгдэж байна.

-Эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцөл, цалин хангамжид нэлээд өөрчлөлт орж байх шиг. Энэ байдал манай эмнэлгийн ажиллах нөхцөлд хэр нийцэж байна. Аймгийн иргэд Улаанбаатар, Дархан-Уул аймаг руу нэлээд явж эмчлүүлдэг талтай?

-Энэ жилийн хувьд өнгөрсөн оны 3 дугаар сарын 1-нээс эхлээд төсвөөс бүрэн санхүүждэг байснаа больсон. Одоо өөрсдөө цэвэр гүйцэтгэлээ хийгээд тэрийг нь ЭМД-ын газар чанарыг нь шалгаж худалдан аваад мөнгөө бид буцааж зардлаа гаргадаг болсон. Хуучин төсвөөс мөнгө авч байгаа юм чинь гээд л хаа сайгүй хэнийг ч хаана ажиллуулж болдог байсан. Тэгвэл одоо бид ажлын байрнаасаа 1 минут ч холдохын аргагүй болж байна. Яагаад гэвэл тэр бүхэнд дараагийн үйл ажиллагаа явуулах мөнгө урсаж байдаг учраас. Энэ утгаар ЭМД-аас тухайн хүний өвчинд тохирсон эмчилгээг хийж байна уу, үгүй юу гэдгийг их шаарддаг болсон. Иргэд үүнд нэг ойлголтыг авах хэрэгтэй байна. Хуучин эмнэлэгт хэвтлээ гэхэд нэгэнт хэвтсэн юм чинь бүх өвчнөө эмчлүүлээд авья гэдэг байсан. Тэгвэл одоо бол тухайн өвчний удирдамжид заасны дагуу ямар шинжилгээ хийх, ямар эмчилгээ хийхийг л шаарддаг болсон. Өмнө нь мэдрэлийн тасагт хэвтэж байсан хүн уламжлалын тасагт очоод эмчилгээ хийлгэчихдэг байсан. Одоо бол үгүй. Хэрвээ хийх л юм бол манайх алдагдалд орно. Энэ системд улсын хэмжээнд бүх эмнэлэг орсон. Тэгэхээр энэ нэг талдаа их хатуу чанга болсон юм шиг боловч, нөгөө талдаа хүмүүс эмчээ сонгох эрхтэй болж байгаа. Одоо байгууллагууд тэдэн сая төгрөгийн цалин өглөө энэ тэр гээд байгаа шүү дээ. Энэ чинь өөрөө гүйцэтгэлийн санхүүжилт. Хуучин 10 хүн үзсэн ч, 100 хүн үзсэн ч адилхан байсан. Нөгөө ажилласан жилээр л цалингаа аваад сууж байсан. Одоо бол тийм биш. Хэн юу хийж чадна тэр хүн илүү цалин авах боломж бүрдэж байгаа. Манайхан өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна.

Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлнэ. Үүнийг хийхийн тулд тусгай бүтээмжийн үнэлгээ гэдгийг хийж байж ордог юм байна. Шууд өгдөггүй юм байна. Ингээд ирэхээр үйлчлүүлэгч маань эмчээ сонгох эрхтэй болж байгаа. Нэгэнтээ даатгалаараа үйлчилгээ авч байгаа учраас илүү сайн эмчид үзүүлэхийг бодно. Тухайн эмч олон хүн авах тусмаа цалин өндөр байна. Хүнийг татахын тулд нөгөө мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, харилцаа хандлагаа сайжруулах хэрэгтэй болно. Ааш муутай хүн дээр хүн ирэх үү, 3 хатгадаг сувилагчаар хүн тариулах уу, үгүй юу гээд асуудал гарна шүү дээ. Энэ маань тогтолцооныхоо хувьд маш зөв тогтолцоо болсон. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд дан ганц эмнэлгийнхэн биш. Манай ард иргэд бас үйлчилгээний соёлд суралцах хэрэгтэй болж байгаа юм. Загнана, заавал хэвтэх ёстой гэж дайрна. Одоо эмнэлэгт хэвтүүлэх тусламж үйлчилгээнээс дэлхий нийтээрээ татгалзаж байна. Манайх 3 сая гаруй хүнтэй мөртлөө жилд 1 сая хүн эмнэлэгт хэвтэж байна. Германы эмч нар ирээд толгой сэгсрээд бүр гайхаж байсан. Манайхан эмнэлгийг сувилал гэж боддог. Би жилд 2 удаа хэвтдэг. Намрын ажил дууслаа одоо нэг хэвтье гэдэг асуудал одоо байхгүй болсон. Шаардлагагүй хүн хэвтүүлсэн бол эмнэлэг өөрөө алдагдлаа хүлээгээд л яваад байна. Тэр чинь тусгай шалгадаг нарийн юм байдаг. Цахим болчихсон. Хүн оролцоод байх ч шаардлагагүй юм билээ. Шаардлагагүй хүмүүс эмнэлэгт хэвтээд байна гэдэг чинь шаардлагатай хүмүүс хэвтэж, тусламж үйлчилгээ авахад нь саад болоод байгаа гэсэн үг. Асуудал үүсгээд, дараалал дугаар бий болгоод л. Гэтэл амь тулсан хүмүүс хойшоо ухраад л байна шүү дээ. Энэ бүхнийг сайжруулахын тулд нэлээд юм хийж байна. Манайх дотрын, зүрх судас, эхо, нүд, мэдрэлийн эмчийн хүлээгдэл ихтэй байсан. Үүнийгээ бид зохицуулаад өдрийн үйлчилгээг өдөрт нь гэсэн зарчим барьж, тасагт байгаа дотрын кабинетээ нэмж байна. Эмч нарынхаа ачааллыг тэнцвэржүүлж байна. Дээр нь лабораторийнхоо цагийг 2 цагаар уртасгасан. Үдээс өмнө 10.30 цаг гээд шинжилгээ авч дуусдаг байсан бол хариугаа өдөрт нь гаргадаг болж байна. Хуучин тэгж явж байтал ковид гараад больсон. Мөн шаардлагагүй шинжилгээнүүдээс татгалзаж байгаа. Аажим зөв голдиролдоо орох байх. Хувийн эмнэлгүүд манайхтай адил санхүүжилт авдаг болсон. Хуучин бага санхүүжилт өгдөг байсан шүү дээ. Тэгэхээр хүнд сонгох эрх их нээлттэй болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээг ойлгомжтой болгохыг бид хичээж байна. Энд иргэд их зөв ойлголттой байж, бидэнтэй хамтарч ажиллаасай. Эцсийн эцэст иргэдийн маань л эрүүл мэндийн асуудал шүү дээ.

Иргэд эрт илрүүлэгтэй идэвхтэй оролцоорой. Залуучууд маш идэвхтэй орж байгаа. Ялангуяа 30-40 насныхан. Залуучууд эрүүл байгаа болохоор их баярлаж байна. Бас ахмадууд маань сайн орж байгаа. Тэгээд 45-55 насныхан эрүүл мэнддээ анхаарахгүй. Бас хууч өвчтэй болчихсон байна. 2-3 жилдээ энэ маягаар яваад түүнээс хойш 2 жил тутамд, тодорхой нэг зүйлийг дагнаж явах бодлого барьж байгаа юм билээ. Нэг зүйл рүү чиглэсэн элэг ч юм уу, бөөр ч юм уу гэх мэт.    

 

-Сүүлийн үед цус харвалт залуужиж, иргэд маш их энэ өвчнөөр өвдөж байна. Учир шалтгаан нь юу байгаа бол. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна. Эмнэлэгт суурилуулсан тэр ухаалаг аппаратуудын хүчин чадал хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жил эрчимт эмчилгээний тасгаар бүтэн жилийн турш 53 хүн эмчилсэн байдаг. Гэтэл одоо өнөөдрийн байдлаар 86 болчихоод байна. Энэ хүмүүсийн бараг 50 орчим хувь нь харвалт байгаа. Харвалт 2 янз. Судас хагарснаас үүссэн харвалт, нөгөөх нь цус хомсдолын харвалт гэж. Аль аль нь байгаад байна. Энд бас нэг онцлог дурдахад яг ковидын үед ЭМЯ, Засгийн газраас хөрөнгө санхүүгийн хувьд сайн хуваарилсан. 2014 онд манайх магадлан итгэмжлэлд орж байхад нэгдсэн эмнэлэгт байх ёстой, шаардлагатай тоног төхөөрөмжийн эзлэх хувь 48 хувьтай байсан. Сая магадлан итгэмжлэлд ороход манайх 95 хувьтай болсон. Одоо онцгой хэдэн төхөөрөмжийг хангачихвал 100 хувьдаа хүрнэ. Ингээд ирэхээр дараагийн шатлалын эмнэлэг рүү яваад байх шаардлагагүй болно. Үүний хүрээнд өнгөрсөн жил 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий томографикийн аппараттай болсон. 64 зүсэлттэй, шинэ. Энэ маш ач холбогдолтой төхөөрөмж. Хуучин бид харвалтуудыг шууд клиникээр нь ялгах боломж ховор байсан. Дээрх хоёр харвалтын шинж тэмдгүүд нь ижил гараад байдаг. Харвалттай хүмүүсийг дор хаяж 72 цаг хөдөлгөдөггүй. Эндээ эмчилгээг нь хийж байгаад дараагийн шатлал руу томографийн аппараттай эмнэлэг рүү хамгийн ойр нь Дархан-Уул аймгийн Саран элит эмнэлэг рүү, хамгийн хол нь Улаанбаатар хотын 3-р эмнэлэг рүү явуулдаг байсан. Энэ төхөөрөмжтэй болсноор бид харвалтыг 15 минутын дотор оношилж байна. Энэ хэмжээгээр эмчилгээндээ маш хурдан орно гэсэн үг. Үүнийхээ ачаар хот руу явуулдаг, эмчилж чаддаггүй байсан цус хомсдолын 23 харвалтыг эндээ оношилж эмчилсэн. Бүгд эдгэрсэн. Тархины бүлэн авах мэс заслыг эндээ хийдэг болсон. 3-р эмнэлгээс мэргэжлийн баг дуудаад манай эмч нар хамтран цусны бүлэн авах мэс заслыг хийж байна. Гэмтлийн улмаас үүссэн тархины бүлэнгүүдийг гэмтлийн эмч нартай хамтраад хийж байна. Сая нэг эмч дуудчихаад байж байна. Энэ мэт эмч нар маань орон нутагтаа чадавхжиж, хамтын ажиллагаа өргөжиж байна. Хүмүүсийг чирэгдэл болгоод хот явуулахад дор хаяж 2-3 хүн дагаад явна. Зардал маш их гарна. Дараагийн сэхээн амьдруулах эмчилгээг манайх сайн хийж байгаа. Эрчимт эмчилгээний 3 эмчтэй болсон.

Эмнэлэг гэдэг бол яаралтай тусламж, эрчимт эмчилгээг үзүүлж байдаг газар шүү дээ. Энэ аппараттай болсноор бүх төрлийн харвалтаас гадна, бүх төрлийн хавдар, гэмтлүүдийг оношилж байна. Томографийн аппаратай болоод, мэргэжлийн хүмүүс бэлтгэгдээд ирснээр манай эмчилгээний чанарт маш их өөрчлөлт гарсан.   

Мөн ходоод хоол боловсруулах замын дурангаар бид маш ихийг өвчлөлийг илрүүлж байна. Сая компьютер томографикаар хүүхдийн тархины хавдар 5, том хүний тархины хавдар 8-ыг илрүүлсэн. Тэр хүмүүс хавдартай гэж орж ирээгүй, зүгээр л шинж тэмдгээр оношлоход л илэрч байна. Хавдрыг хэдийчинээ эрт үед нь илрүүлнэ, эмчилгээ нь төдийчинээ хурдан байна гэсэн үг.

Энэ мэт бидэнд өөдөлж, ахиж, дэвшиж байгаа зүйл их байна.


-Эмнэлгийн ажилчид, эмч нар ихэд залуужсан харагдана. Цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?

-Ирэх жилээс бид хавдрын тусламж үйлчилгээг өргөжүүлээд хавдрын хими эмчилгээг авья гэж бодож байгаа. Химийн эмчилгээ бас хэцүү. Тухайлбал ходоодны дурангийн хагалгааг хийх, ходоодны эрт үеийн хавдрыг дурандаж байх үедээ хуулах хагалгааг хийдэг болох. Үүнийг хийх эмчээ нийгмийн асуудлыг нь шийдчих юм бол эндээ авч ирэх гээд байгаа.

Манай нийт эмчийн 80 орчим хувь нь 35 хүртэлх насны залуучууд болсон. Дээд тал нь 42 настай, тэгээд 50-аас дээш настай хэд байна. Дунд үе гэж байхгүй. Би 2013 онд ирсэн цагаасаа хойш 67 эмчийг ажилд авсан байдаг. Тэр үед манай нарийн мэргэжлээр мэргэшсэн эмчийн эзлэх хувь 43 байсан. Одоо 80 хувьтай болсон. Түүнээсээ ахиад төрөлжсөн нарийн мэргэжил гэж байдаг. Мэс засал дотроо дахиад бүдүүн, нарийн гэдэсний гээд нарийссан байдаг. Энэ маань 23 хувьтай байсан бол одоо 57 гаруй хувьтай болсон. Одоо эмнэлгийн тухайд орчин нөхцөлөө, өрөө тасалгаагаа сайжруулаад авбал болчих гээд л байна. Зүгээр нэг урсгал засвар нэртэй будаг түрхээд орхичихмооргүй байна. Санхүүгийн эх үүсвэр хайж байна, орчин нөхцөлийг нь тухтай байлгах юмсан гээд бодож байна. Иргэд маань сэтгэл ханамж өндөр үйлчилгээгээ аваад, эрүүл саруул байвал бидний гол зорилго энэ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ