Стратегийн ач холбогдол бүхий хилийн хоёр дахь шинэ гарц

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2022-11-30 15:02:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд бид газрын хэвлийн доорх эрдэс баялгаа мөнгө болгохын тулд боомтоо хөгжүүлэх шаардлагатай тулгарч байгаа. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтээр эдийн засгаа тэлэх шинэ хүлээлтийг бий болгосон. Энэ хүрээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.


Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Ханги боомтын талаас төмөр замын эхлэл болох тэг цэгээс “Ханги” өртөө хүртэл 14 км-т өргөн цариг, улмаар олон улсын 1422 мм нарийн царигийн төмөр замтай зэрэгцүүлэн бүтээн байгуулснаараа онцлогтой гэдгийг албаныхан онцолж байна. Ингэснээр Монгол Улс хятадын төмөр замтай шууд Ханги-Мандал боомтоор холбогдох хоёр дахь шинэ гарцаа нээх боломж бүрдэв. Түүнчлэн стратегийн чухал ач холбогдолтойд тооцогдох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар бүтсэнээрээ онцлогтой. Уг зам Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Засгийн газрын Тэргүүн онцолсон. Өөрөөр хэлбэл манай уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч БНХАУ руу эрдсийн бүтээгдэхүүн гаргах хамгийн дөт гарц нь Зүүнбаян-Хангийн төмөр зам болох юм.


ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ХЭН БҮТЭЭВ

Зүүнбаян-Ханги төмөр замын төслийг “Монголиантранс лайн” болон “Монголиан транс ложистик” нэгдэл хэрэгжүүлсэн бөгөөд Монголын төмөр замын салбарт шинэ дүр төрхийг оруулж буйгаараа онцлогтой. Энэхүү бүтээн байгуулалтыг 120 аж ахуйн нэгж, 600 гаруй инженер, 3000 гаруй ажилчин, 1600 орчим техникийн хүчээр өрнүүлжээ. Дээрх нэгдэл өмнө нь Сэлэнгэ аймаг дахь 115 км бүхий Баянгол төмөр замыг ашиглалтад оруулсан туршлагатай бөгөөд эдүгээ засвар үйлчилгээний томоохон Депо төвийг бий болгон төмөр замын салбарт тодорхой дэвшил авчирсныг салбарынхан тодотгож байв. Түүнчлэн тус нэгдэл зөвхөн дэд бүтцээр хязгаарлагдахгүй тээвэр эхлүүлэх нөхцлийг бүрдүүлжээ. Тодруулбал Зүүнбаян-Хангийн төмөр замын концессыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хэрэгжүүлсэн бөгөөд эхний ээлжинд 3-5 сая тонн ачааг экспортод тээвэрлэх боломжийг бүрдүүлээд байна. Монголиантранс лайн” болон “Монголиан транс ложистик” нэгдэл нь концессын гэрээний хугацаа дуусгавар болох үед суурь бүтцийг үнэ төлбөргүйгээр улсын мэдэлд шилжүүлнэ.


Зүүнбаян-Ханги төмөр замын онцлох зүйлс:

·         Төмөр замын стандартаар III зэрэглэлд багтана.

·         1520 мм өргөн царигтай.

·         Нийт хүчин чадлын хэмжээ: 20-25 сая тонн

·         Ирэх он буюу II үе шатанд 15 сая тонн

·        2024 он буюу III үе шатанд 20-25 сая тонн

·        Задгай болон чингэлгийн хосолмол зориулалттай

·        Хилийн дэд бүтцийг цогцоор нь шийдэв


“БООМТЫН СЭРГЭЛТ”-Д ШИНЭ ШАН ТАТАВ


Зүүнбаян-Тавантолгой 111 км төмөр замаас салаалсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Монгол Улсын анхны гурван чиглэлийн төмөр замын уулзвар гэдгээрээ онцлогтой.


ЗҮҮН БАЯН-ХАНГИЙН ТӨМӨР ЗАМЫН ОНЦЛОХ АЧ ХОЛБОГДОЛ

Тус төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэнэ. Мөн экспортын орлого 8 тэрбум ам.доллароос 11 тэрбум ам.доллар болж өсөх боломж бүрдэх юм.


Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь ачаа тээврийг шаардлагатай чиглэлд хуваарилахаас гадна Тавантолгойн ордоос нүүрсний экспортын тээвэр хийх боломжийг бүрдүүлнэ. Уг төмөр замаар задгай тээврээс гадна чингэлэг тээвэр явах боломжтой бөгөөд нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,“Төмөр замын шинэ гарцаар Оюу толгойн зэсийн баяжмал, Тавантолгойн коксжсон нүүрс болон бусад экспортын бүтээгдэхүүнийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан тээвэрлэж, говийн бүс нутаг дахь 10 гаруй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ” хэмээн тодотгосон. Ийнхүү монголчуудын барьсан төмөр зам гол замын ачааллыг хоёр дахин бууруулах юм. Харин хил холболтын асуудлыг хоёр улсын өндөр хэмжээний уулзалтаар хэлэлцэн шийдэх хүлээлт үүсээд байгаа. Дээрх асуудлыг шийдчихвэл төмөр замын хоёр дахь гарц нээгдэхэд бэлэн болоод байна.


ХИЛ ХОЛБОЛТЫН АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ

1956 онд Монгол Улс БНХАУ-тай төмөр замын тухай хэлэлцээрийг байгуулсан түүхтэй. Эл хэлэлцээрийн хүрээнд Замын-Үүд-Эрээний боомт бий болсон юм. Харин 2019 онд Монгол Хятад улсын Гадаад хэргийн яамны түвшинд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хоёр талын хилээр холбох цэгийг тохирсон байдаг. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд хятадын талаас “Ханги-Мандал хилийн боомтыг төмөр замаар холбох асуудлыг хоёр талын бараа худалдааны эргэлт, нүүрс тээвэрлэх эрэлттэй уяж, үргэлжлүүлэн хэлэлцэнэ" хэмээн мэдэгдсэн. Юутай ч Монгол Улс хилийн хоёр дахь гарцаа нээхэд бэлэн болж, төмөр зам, хилийн дэд бүтцээ сууриар нь шийдлээ.

Холбоотой мэдээ