ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Ховд аймагт 2023 онд улсын төсвөөр 45 ажил хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-01 13:04:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үeэр тус аймгийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Энэ удаагийн төсөвт хэд хэдэн онцлог бий. Үүнд:


-
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмнэ. 


-
2023 оны төсвийн тухайд шинэ хөрөнгө оруулалт эхлүүлэхгүй өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтаа дуусгах бодлого барьж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх жилүүдэд хуримтлагдсан цахилгаан, дулаан, усны төлбөрийн өр, зээлийг төлж барагдуулах бөгөөд царцсан бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажлыг дуусгана.  


-
“Хөшөөт хөгжил” сангийн зориулалтыг цогцоор шинэчилж, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан Сангийн яамны журмын дагуу зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй байлгана.


-
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн буюу хот тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хог хаягдал, дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэхээр уг төсөвт тусгажээ.


Ховд аймгийн 17 сумын 2000 орчим иргэний саналд үндэслэн 2023 оны төсвийн төлөвлөгөөг боловсруулсан байна.
 

Тус аймгийн 2023 оны төсвийн зардал 58 тэрбум төгрөг байна. Ирэх онд
Ховд аймгийн орлогод 24.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 

Мөн орон нутгийн хөгжлийн сан болон “Хөшөөт хөгжил” санд 20.8 тэрбум төгрөг, их засвар, замын засварт 2.8 тэрбум төгрөг төсөвлөлөө. 


2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн урамшууллыг 8 сум авсан бол 2023 оны урамшууллыг 6 сум авах юм. Сумдын орон нутгийн хөгжлийн санд "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс жилийн гүйцэтгэлийн үнэлгээ хийгээд, эрэмбэлж, дэлхийн банкны санхүүжилтээр дээрх урамшууллыг олгодог аж.    


Ховд аймагт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 85 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 45 төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил хэрэгжинэ.



Холбоотой мэдээ