СҮХБААТАР: 2022 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг 96,3 хувийн хангалттай гэж үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-05 13:35:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаар аймгийн Засаг даргын 2022 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг нийт төлөөлөгчийн 96,3 хувийн саналаар хангалттай гэж үнэлэв.


Тус аймагт өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 77,3 тэрбум төгрөгийн 31 төсөл арга хэмжээ хэрэгжихээс 2022 онд 29,8 тэрбум төгрөг бөгөөд шинээр хэрэгжих 33,2 тэрбум төгрөгийн 14 төсөл арга хэмжээнээс 12,7 тэрбум нь санхүүжиж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл 84 хувьтай байна. Харин орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлуудын гүйцэтгэл 78 хувьтай үргэлжилж байна.


Хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлд буюу эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарч хөрөнгө оруулалтыг урьд жилүүдээс их хэмжээгээр хийжээ. Тодруулбал аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн материаллаг баазыг бэхжүүлэх, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэхэд улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, хандив тусламжаар 8,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэж, хүүхдэд ээлтэй зарчим баримталж, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Онгон суманд 160 хүүхдийн сургуулийн барилга, Баруун-Урт сумын хоёрдугаар сургуулийн урлагийн заал, Наран, Халзан, Эрдэнэцагаан сумын ЕБС, дотуур байранд нэг тэрбум төгрөгөөр орчин үеийн ариун цэврийн байгууламжийг хийж ашиглалтад оруулжээ. Одоогоор барилгын ажил үргэлжилж буй Дарьганга, Наран сумын цэцэрлэг, Баруун-Урт сумын 960 хүүхдийн сургууль, Түвшинширээ сумын ЕБС-ийн дотуур байрны барилгууд ашиглалтад орсноор нийт цэцэрлэгийн 67 хувь, ЕБС-ийн 62 хувь, дотуур байрны 54 хувь нь стандартын шаардлага хангасан барилгатай болох аж.


Мөн онцолбол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баруун-Урт, Мөнххаан, Баяндэлгэр суманд мод үржүүлгийн газар шинээр байгуулж, 179 мянган тарьц суулгацын нөөцийг бүрдүүлжээ. Энэ онд аймгийн хэмжээнд хавар, намрын мод тарилтаар 297 ААНБ, 10260 иргэн 303,4 мянган ширхэг мод, сөөг тарьж мод тарих, арчлах, хамгаалах ажилд 525,3 сая төгрөг зарцуулсан байна.


Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор сумдын ЗДТГ, холбогдох байгууллагуудтай хамтран нээлттэй өдөрлөг, ажил олгогчдын уулзалт зэрэг долоон удаагийн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулжээ. Энэ хүрээнд 2022 оны 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд 650 шинэ ажлын байр бүртгэгдэж, 600 иргэн ажлын байранд зуучлуулсан байна. Мөн Халамжаас-Хөдөлмөрт бодлогын хүрээнд нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 956 иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хамруулж 178 иргэн байнгын ажлын байртай болжээ.


Сүхбаатар аймгийн хувьд ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар нийгмийн хариуцлагын гэрээг уул уурхайн компаниудтай хамтран ажилладаг. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 13 ААН-тэй орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулан, аймгийн хөгжлийн санд 2,3 тэрбум төгрөгийн дэмжлэг төвлөрүүлэхээс 1,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж чаджээ.

 

Холбоотой мэдээ