ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлж, багш нарыг бүрэн компьютержүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-05 17:11:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Сүхбаатар аймгийн 2023 оны нийт төсвийг 41,4 тэрбум төгрөг байхаар баталлаа. Үүний 25,9 тэрбум нь орон нутгийн хөрөнгө оруулалт байна. 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн ЕБС болон цэцэрлэгийн бүх багш нарыг компьютержүүлэх, төрийн захиргаа болон төрийн үйлчилгээ, улс төрийн албан хаагчдын цалинг тус бүр 20 хувиар нэмэгдүүлэхээр болсон нь энэ удаагийн төсвийн онцлог байлаа.


Энэхүү 20 хувийн нэмэгдэлд орон нутгаас санхүүжилт авдаг байгууллагын ажилчид хамаарна. Өөрөөр хэлбэл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, босоо удирдлагатай байгууллагын ажилчдад уг нэмэгдэл хамаарахгүй юм. Сүхбаатар аймгийн хувьд 66 багтай бөгөөд баг, аймаг сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, орлогч дарга гээд 110 орчим улс төрийн албан хаагч бий.


Мөн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд зориулсан төсвийг тусгасан нь 2023 оны төсвийн бас нэг онцлог байлаа. Тухайлбал, 2023-2027 онд хэрэгжих Сүхбаатар аймгийн “Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрт 500 гаруй сая төгрөгийг тусгажээ. Орон нутагт дуталтай байгаа боловсон хүчнийг татах, одоо ажиллаж байгаа албан хаагчдыг чадавхжуулах, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, шинээр төгсөн ирж буй албан хаагдад байрны дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд тусгай гэрээний дагуу хэрэгжүүлэх юм. Харин хувийн хэвшилд ажиллаж буй залуучуудад зориулсан “Нутгийн залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд тэднийг дэмжих, урамшуулах, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд зориулсан төсвийг ч тусгажээ.


Эрүүл мэндийн салбарын тухайд өнгөрсөн жил аймгийн нэгдсэн эмнэлэгт хөрөнгө оруулалтыг түлхүү хийсэн бол 2023 онд сум, өрхийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулах, чанар стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмжтэй болгох, олон жил яригдсан сумдын ЭМТ, ЗДТГ-ын авто машины парк шинэчлэлийг ирэх онд хийх аж. 

Холбоотой мэдээ