ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Сэлэнгэ аймаг хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилт дэвшүүллээ

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2022-12-07 09:22:09

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хүнс үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг экспортод гаргах томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд Хүнсний аюулгүй байдлыг хангаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанартай, аюулгүй, баталгаатай үйлчилгээг нэвтрүүлэн, аймаг, сум орон нутгийнхаа нэрийг гаргаж яваа баялаг бүтээгчдээ шалгаруулан “брэнд бүтээгдэхүүний” батламжийг олголоо.

Эдгээр байгууллагуудын нэгэн төлөөлөл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Хүчү Агро” ХХК-ийн талаар энд өгүүлье.

 



2017 онд эрчимжсэн үхрийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө газар тариалан, махны чиглэлээр өргөжүүлэн 5 жил болжээ. Тус хамт олон өнөөдөр 5 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдхүүний батламж, мөн “Чанарыг эрхэмлэгч байгууллага” -аар шалгарсан юм.

 

“Органик фермээс шууд таны гар дээр” уриатайгаар стандартад нийцсэн сайн чанарын үхрийн махаар шинэ, шинэлэг шийдэл бүхий 16 нэр төрлийн стейкийг орчин үеийн сав баглаа боодолтойгоор худалдаанд гаргаж байна. Энэхүү стейк нь махан бүтээгдэхүүн дотроо дээд зэрэглэлийн гэдгээрээ онцлогтой аж.

 



Тус компанийн захирал С.Барцадгүй: ”Гол нь стандартыг өөрийнхөө үйлдвэрлэлд яг таг нэвтрүүлэх ёстой. Энэ ч утгаараа манайх махны чиглэлийн 12 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэ жил манай хамт олон амжилт арвин байлаа. Сумынхаа аварга ААН-ээр шалгарсан. Бид энэ жил стейк 3 тонн орчмыг нийлүүлсэн. Одоогоор Улаанбаатар хотын томоохон ресторан, зоогийн газруудтай гэрээ байгуулан дотоодын зах зээлдээ борлуулалтаа хийдэг. Манайх нийт 14 ажилтантай. Ажиллагсдынхаа нийгмийн асуудалд анхаарч орон байр өгөх зэргээр тусламж үзүүлсэн” гэв.

 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд Олон улсын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

   


Алтанбулаг сумын “Хүчү Агро” ХХК-ийн захирал С.Барцадгүйн яриаг хүргэе.


-Танайх зөвхөн стейк хийхэд зориулж үхрийн аж ахуй эрхэлж буй нь нэлээд сонирхол татлаа. Махны төрөл, шинж чанар хийгээд ямар үүлдрийн үхрийг голлон үржүүлж байна вэ?

-Стейкэнд ордог махны ширхэг нь маш нарийн байдаг. Иймээс Шотландаас гаралтай хар, улаан ангус, монголын эрдэмтэд өөрсдөө гаргаж авсан сэлэнгэ үүлдрийн үхрийг голлон үржүүлж байна. Ялангуяа монгол үхрийн мах хамгийн нарийн ширхэгтэй байдгаараа онцлогтой. Энэ нь стейкэнд хамгийн тохиромжтой мах байдаг.

Манай компани үхрээ жилийн 4 улирлын 3 улиралд нь байгалийн бэлчээрээр тэжээдэг. Харин өвлийн улиралд 45-90 хоног тусгаарлалтад байлгаж, үр тариагаар тэжээдэг. Ингэхээр тухайн үхрийн махны гол шинж чанар болох өөх, махны алаглал сайжирч, амт шимттэй болдог. Мөн энэ хугацаанд тухайн үхрийн маханд байгаа эмийн үлдэгдэл бүрэн гадагшилж, ямар нэгэн өвчтэй мал байвал мэдэгдэж ирдэг юм.  



-Стейкийг хэрхэн хийдэг талаараа сонирхуулаач?

-Үхрийн хааны хэсгийн мах нь нэлээд хөдөлгөөнтэй хэсгийн мах байдаг учраас шарахад маш их нарийн ажиллагаа ордог. Зөвхөн хааны махны хэсгээс гэхэд л гурван төрлийн стейк хийж болно. Стейк хийхэд маш нарийн ажиллагаа ордог. Тухайлбал +2-7 градусын хооронд махыг 14 хоног сойдог. Ингэж сойж загсаасан махан дахь уураг нь махандаа шингэж өгдөг ач холбогдолтой.    

Махыг сойх хугацаанд хэт их халаахгүй, хөргөхгүй байх нь чухал. Стейк хийхдээ хачирт нь хулуу, хаш, ганга, шар тос, саримс зэргийг хийх нь амтыг улам гоё болгож өгнө.   


-Чанар, баталгаа, найдвартай гэж олонтаа яригддаг зүйл бол хүнс. Танайх энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна. Мэдээж чанарыг эрхэмлэгч байгууллагын шагнал хүртсэн юм чинь онцгой байх?

-Манай компанийн онцлог нь гарал үүсэл тодорхой, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэн боловсруулсан шимтэй, зөөлөн, шүүслэг үхрийн махыг хэрэглэгчийн гарт өөрсдийн органик фермээсээ өдөр бүр хүргэдэгт байдаг.

Ингэж чанартай, эрүүл, аюулгүй үхрийн мах хүргэхийн тулд бэлтгэн нийлүүлэлтийн системд мөрдөгдөх хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг мал өсгөж, мах бэлтгэж буй фермер, аж ауйн нэгж, малчин өрх бүр зайлшгүй мөрдөх шаардлагатай байдаг. Эдгээр шаардлагыг биелүүлж байгаа гэсэн гол баримт нь малын гарал үүслийн гэрчилгээ. Энэхүү гэрчилгээгүйгээр тухайн үхрийн мах чанартай, эрүүл, баталгаатай эсэх нь шууд эргэлзээтэй болдог.   

Иймээс гэр бүлийнхээ хүнсний аюулгүй хэрэглээ, цаашлаад эрүүл мэндэд илүү хариуцлагатай хандахыг хүсвэл сонгон хэрэглэж буй ямар ч бүтээгдэхүүнийхээ баталгаатай байдлыг дахин анхаарч, үхрийн мах худалдан авахдаа гарал үүсэл тодорхой бүтээгдэхүүнийг сонгохыг манай хамт олон чухалчилдаг.

 

Манай компани махны үхрийн органик фермийг эрхлэхдээ хамгийн сүүлийн үеийн технологи, нөөцүүдийг ашиглан үхрийг эрүүл аюулгүй, байгаль орчинд ээлтэй аргаар өсгөж үржүүлдэг. Иймээс мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөлийг бүрэн дүүрэн ханган ажиллаж байгаа. Энэ нь эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Бид дээд зэрэглэлийн үхрийн махны амт, чанарыг хүргэж байгаа гэдэгтээ бат итгэлтэй байна. Уургийн хэрэгцээг хангах хамгийн гайхалтай нь үхрийн мах гэдгийг судлаачид тогтоосон байдаг.  

 

“Хүч Агро” ХХК 16 нэр төрлийн стейкээс гадна шарах зориулалттай бүх төрлийн мах, цул мах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж байна.

 

Холбоотой мэдээ