ЗАВХАН: Дотоодын давсны хэрэгцээгээ 95 хувь хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-09 15:40:16

Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хүн амынхаа давсны хэрэглээний 95 хувийг дотоодоос хангаж байна.


Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй “Завхан баялаг” хүнсний үйлдвэр 1995 оноос Сантмаргаз сумын нутаг дахь Дэвтээр нуурын давсыг орчин үеийн технологиор боловсруулан, хоёр төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдэд нийлүүлж, өдгөө 31 дэх жилдээ ажиллаж байна.


Дэвтээр нуурын давс нь натри, кали, кальци зэрэг эрдэс бодис агуулсан, байгалийн цэвэр, зөөлөн бүтэцтэйгээрээ онцлог юм. Тус үйлдвэр нийт 58 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийн нэг нь иоджуулсан давс бөгөөд анх байгалийн давсыг гар аргаар цэвэрлэн савладаг байсан бол 2002 оноос иоджуулж эхэлжээ. Үйлдвэр жилд 70 тонн давс үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.


Иоджуулсан давс нь бамбай булчирхайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, оюуны хөгжилд дэмжлэг үзүүлэх, ядаргаа болон хордлогыг тайлах зэрэг ач холбогдолтой.


“Завхан баялаг” үйлдвэр “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээлд хамрагдан, үйлдвэрлэлийн өргөтгөл шинэчлэл хийснээр ажлын бүтээмж 30 хувиар нэмэгдэж, гар ажиллагаа 40 хувиар буурсан байна.


Монгол Улс одоогоор дотоодын давсны хэрэгцээний 20 гаруй хувийг хангаж байгаа бөгөөд цаашид 60-80 хувийг дотоодоос бүрэн хангах боломжтойг үйлдвэрлэгчид онцолж байна.



Холбоотой мэдээ