Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнерийг Оросын зэвсгийн наймаачнаар солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-09 08:24:31

ВАШИНГТОН. /VOA/. АНУ, ОХУ-ын талууд ялтан солилцох тохиролцоонд хүрч, сагсан бөмбөгийн од Бриттни Грайнерыг зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцжээ.


“CNN” телевизээр мэдээлснээр, солилцоо пүрэв гаргийн өглөө Арабын Нэгдсэн Эмирт Улсын нийслэл Абу Даби хотод болсон байна. Суллагдсаныхаа дараа Грейнер Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. “Тэр одоо аюулгүй, онгоцондоо суусан байна" гэж Ж.Байден твиттер хуудсандаа бичсэн байна.  


Өдгөө 32 настай Бриттни Грайнер мансууруулах бодис биедээ авч явсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид есөн жил хоригдох ял авсан юм. Түүнийг 2022 оны хоёрдугаар сард Москвагийн нисэх онгоцны буудалд тээшнээс нь каннабисын тос агуулсан вэйп буюу электрон тамхи олдсоны улмаас саатуулсан байна. Тэрбээр Екатеринбургийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубт тоглох зорилготой ирж байжээ. АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Грайнер Олимпын наадамд хоёр удаа түрүүлсэн юм.


Энэ бодисыг ОХУ-д хориглосон байдаг боловч АНУ-ын зарим муж улсад хуулиар зөвшөөрсөн байдаг ажээ.


Виктор Бутыг 2008 онд АНУ-ын талын хүсэлтээр Тайландад баривчилсан бөгөөд 2012 онд хууль бусаар зэвсэг наймаалсан, терроризмыг дэмжсэн хэргээр 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.


Холбоотой мэдээ