Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцоход тусална гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
batbold.sh@montsame.gov.mn
2022-12-11 09:17:26
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Петр Хофманскитэй Нидерландын Гааг хотноо энэ 12 дугаар сарын 9-ний өдөр уулзав.


Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригын урилгыг гардуулж, ОУЭШ-ийн Ромын дүрмийг сурталчлан таниулах бүс нутгийн семинарыг хамтран зохион байгуулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.


Мөн тэрбээр Нидерландын Гааг хотноо болж буй Олон улсын эрүүгийн шүүхийн Оролцогч талуудын Ассемблейн 21 дүгээр чуулганы үеэр буюу 12 дугаар сарын 9-ний өдөр ГОУЭШ-ийн Прокурор Карим Кантай уулзав.


Ноён Карим Кан нь ОУЭШ-ийн үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах, хууль хэрэгжүүлэх байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтран зохион байгуулах арга хэмжээний талаар санал солилцов. 

Холбоотой мэдээ