Улиран одож буй 2022 онд Монголын спортын онцлох 15 амжилт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-14 15:37:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын ертөнцөд улиран одож буй 2022 онд Монгол Улсын баг тамирчдаас ямар спортын төрлөөр онцлох томоохон амжилтыг гаргасан талаар тоймлон хүргэж байна.


Жүдо

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ээс Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, жүдо бөхийн 5 дахь дэлхийн аварга цолтон боллоо.


Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны энэ ДАШТ-ий дараа  шинэчилж гаргасан чансаагаар өөрийн жиндээ тэргүүлж байгаа юм.


Монголын баг тамирчид 2022 оны ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр 4 дүгээр байрт жагссан юм.



Чөлөөт бөх

Сербийн нийслэл Белград хотноо болсон /2022.09.17/ чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин буюу 125 кг-д хүчээ сорьсон ОУХМ М.Лхагвагэрэл, аваргын төлөө Туркийн алдарт бөх Таха Акгюльтэй хүч үзэж 6:2-оор хожигдож, ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн боллоо.


Бишкек хотноо 12 дугаар сарын 20-нд болох чөлөөт бөхийн Poddubny Wrestling League /PWL-3/ тэмцээн буюу дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга нар хүчээ сорино.



Мэргэжлийн сагсан бөмбөг

Монголын /2022.11.08/ удам дамжсан сагсанбөмбөгчин Шаравжамцын Энхийн-Од NCAA /National Collegiate Athletic Association/-гийн нэгдүгээр дивизионд энэ улирлын анхны тоглолтоо амжилттай хийж, Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тодоор бичигдлээ.


АНУ-ын Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багт "Mongolian Mike" хэмээх хоч нэртэй хэдийнээ болоод амжсан Ш.Энхийн-Од энэ тоглолтод гарааны тавд гарсан төдийгүй өөрийн багаас хамгийн өндөр оноог /14/ авч, 3 самбар, 5 ассист өгсөн байна.



Пауэрлифтинг

Казахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ-ий насанд хүрэгчдийн -120 кг жинд "Токио-2020" паралимпын наадмын аварга, "Рио-2016" паралимпын наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, "Сүлд" спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ алтан медаль хүртлээ. Тэрбээр цээжнээс 260 кг-ыг шахсанаар дэлхийн аваргаар шалгарсан төдийгүй тус жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож чадлаа.


Өмнө нь Э.Содномпилжээ 105 кг жинд дэлхийн дээд амжилт эзэмшиж байсан юм. Энэ удаагийн хосгүй амжилт нь түүний ДАШТ-ээс авсан 6 дахь медаль бөгөөд 3 алт, 3 мөнгөн медаль хүртээд байгаа хүчтэн билээ.


Тбилис хотод пара пауэрлифтингийн Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /09.22-30/-ээс Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ алтан медаль хүртэж Европын аварга боллоо. Тэрбээр 107 кг жинд цээжнээс 242 кг-ыг шахаж, Европын тэнгэрт Монгол төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.



Сумо

Мэргэжлийн сумо бөхийн Намрын тэмцээн /Аки башё 2022.09.11-25/-д Монгол бөх Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ 13 даваатай түрүүлэн, 37 нас 10 сартай Японы Эзэн хааны цомыг 2 дахь удаагаа хүртэв.


Тамаваши ийнхүү Кёкүтэнхо Н.Цэвэгнямын 37 нас 8 сартай түрүүлсэн амжилтыг давж, Шёовагаас хойш түрүүлсэн хамгийн ахмад бөхийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Японы мэргэжлийн сумо бөхөд элссэн орсон цагаасаа хойш нэг ч өдөр өнжөөгүй Тамаваши Б.Мөнх-Оргил монгол эр хүний тэсвэр тэвчээрийг харуулан сумо бөхийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээлээ.



Бокс

“Амман-2022” Ази тивийн АШТ /2022.09.13/-ээс Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн  60 кг жинд Т.Номин-Эрдэнэ, эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Б.Буяндалай нар мөнгө медаль хүртэв.


Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ О.Есүгэн 55,3 кг жинд WBO холбооны Ази номхон далайн орны бүсийн аваргын төлөө Японы тулаанч Акане Фүживаратай халз тулалдаж энэ жингийн аваргын бүсний эзнээр тодорлоо.



Дугуйн спорт

Монголын засмал замын дугуйн тамирчид 2022 онд бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоогоод байгаа аж. МДХ-ны дугуйн баг тамирчид Дэлхийд 35 дугаарт, Азидаа 2 дугаарт ороод байгаа бол ОУХМ “Алдар” спорт хорооны тамирчин С.Жамбалжамц Дэлхийд 160 дугаарт, Азид 2 дугаарт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл, Pro tour-ын багууд оролцдог “Tour de Langkawi” тэмцээний Азийн шилдэг дугуйчин болсон байна.


Монголын дугуйчид Ази тивийн 2022 оны чансаагаар “Топ 10”-д 2 тамирчин, “Шилдэг 20”-д 4 тамирчин багтаж байгаа нь үнэхээр өндөр амжилт юм.



Хүндийн өргөлт

Бахрейны Манама хотноо болсон хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг /2022.10.12/ -87 кг жинд хүчээ сорин 3 алтан медалтйн эзэн болж, Ази тивийн хошой аваргаар тодорлоо.


"Манама-2022"-д гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай 4 эмэгтэй туйванч хүчээ сорьсноос 59 кг-д Э.Энхтамир огцомоор мөнгө, 71 кг-д Г.Ануужин огцомд хүрэл, нийлбэрээр хүрэл, 76 кг-д О.Дархижав огцомд мөнгөн медаль хүртсэн юм.


Буудлага спорт

Египетийн нийслэл Каир хотноо болсон Буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд ОУХМ Ц.Мөнхзул, ОУХМ Э.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг мөнгөн медаль хүртлээ.


Буудлага спортын ДАШТ-ий 25 метрийн Center Fire Pistol төрөлд цэцээ сорьсон ОУХМ Ц.Мөнхзул алтан медаль, ОУХМ Т.Баярцэцэг мөнгөн медаль, ОУХМ Э.Хишигдэлгэр хүрэл медаль хүртлээ.



Шатар

Индонезийн Бали хотноо /2022.10.13-22/ болсон Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид хувийн дүнгээр 8️ медаль, багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртсэн юм.


"Хан-Алтай" клубын тамирчин спортын дэд мастер Эрдэнэбаярын Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж, дэлхийн шатрын холбооны мастер болов.



Бүжгийн спорт

Герман улсын Брауншвейг хотноо бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ-д өрсөлдсөн “Moon dance" хамтлаг латин төрөлд аваргын дэд байр эзэлж анх удаа мөнгөн медаль хүртэв.





3х3 сагсан бөмбөг


Малайз улсын Куала Лумпур хотноо болсон Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн U17 насны аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн Монгол Улсын эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ.


Олон улсын оюутны спортын холбоо /FISU/-ны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн /FISU 3x3 WORLD CUP/-д ур чадвараа сорьсон Монголын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо.


Даам

Турк улсын Анталия хотноо зохион байгуулсан өсвөр үе залуучуудын ДАШТ-д 19 орны тамирчид 10 насны ангилалд оюун ухаанаа өрсөлдүүлэхэд Монгол Улсын баг тамирчид 4 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, медалийн чанараар тэргүүн байрт шалгарлаа.



Үндэсний бөх

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын 1024 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай 10 даван түрүүлж, Улсын аварга цолтон болсон юм.


Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр ес даван үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн юм.



Тулааны спорт

Дэлхийн тулааны спортын мэргэжлийн жишигт нийцсэн холимог тулааны One Championship холбооны “Road to ONE - Mongolia 2022” төслийн хүрээнд анх удаа албан ёсоор дотооддоо хэрэгжүүлж оргил тулааныг 2022 оны 11 дүгээр сарын 26-нд амжилттай зохион байгуулав.


Road to ONE Mongolia тэмцээнийг Степпе Арена компани 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтын хэлбэртэй зохион явуулсан юм. Уг тэмцээнд оролцсон 40 тамирчин шударгаар өрсөлдөж, финалд Б.Энх-Оргил, Б.Даваажамц нар өрсөлдөгчөө ялж шилдгээр тодорсон билээ.


Харин "ONE Championship"-тэй 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзнээр “MGL-1 Fighting Championship” тэмцээний хошой аварга, холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил шалгарсан юм.

Холбоотой мэдээ