Цахилгаан хангамжийг сайжруулахад 2.8 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:48:36

Дархан-Уул аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, Дэд бүтэц хариуцсан орлогч Т.Ганболдын ахалсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг” Дархан-Сэлэнгийн Цахилгаан дамжуулах сүлжээ ХК-ийн өвлийн бэлтгэл ажилтай танилцав. Тус компани энэ жил 6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр их засвар, техник хангамжийн олон ажил хийхээр төлөвлөжээ.

Харин өвлийн бэлтгэл хангах зорилгоор 2016 оны төлөвлөгөөт их, урсгал засварын хүрээнд Дархан сумын 1-8 дугаар багт шинээр буусан айлуудыг цахилгаанд холбох, аваарын болон өвлийн их ачаалалд бэлтгэх нөөц материалын жагсаалтыг гаргаж захиалгыг нэгтгэж, нөөц бэлэн болгох зэрэг 33 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна. Тус компани нь цахилгааны шугам сүлжээний хангамжийг сайжруулах зорилгоор 2.8 тэрбум төгрөгийн засварын ажлыг хийжээ. Гэсэн ч зарим бүтээн байгуулалт хийж буй байгууллагууд зам засвар, барилга байгууламжийн ажил гүйцэтгэхдээ шугам сүлжээг гэмтээдэг эргээд хариуцлага тооцоход хүндрэл гардаг тухай тус компанийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Батжаргал хэлж байлаа.

Иймд цаашид хэн хэн нь хариуцлагатай байхын тулд бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа компаниудтай гэрээ байгуулж ажиллах гэнэ.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ