БНСУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-01-03 12:57:31

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын ихэнх нутгаар хүйтэрч, их хэмжээний цас орсонтой холбоотойгоор 12 дугаар сард цахилгаан эрчим хүчний хэрэглээ шинэ дээд үзүүлэлтэд хүрсэн талаар тус улсын цахилгаан түгээх сүлжээнээс өнөөдөр мэдээлэв.


БНСУ-ын цахилгаан эрчим хүчний сарын дундаж хэрэглээ өнгөрсөн сард 82 716 мВт хүрсэн нь өмнөх оны мөн үеийхээс 5.1 хувиар өссөн гэж Солонгосын цахилгаан түгээх сүлжээний мэдэгдэлд дурджээ.


Цахилгаан эрчим хүчний сарын хэрэглээ өнгөрсөн оны долоодугаар сард хамгийн дээд үзүүлэлтэд /82 007 мВт/ хүрээд байжээ. Харин эрчим хүчний хэрэглээ өвлийн сард түүхэндээ анх удаа 80 мянган мВт давсан тохиолдол энэ болжээ.


Тодруулбал, ихэнх нутгаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орсон өдрүүдэд буюу 12 дугаар сарын 19-нөөс таван хоногийн турш эрчим хүчний өдрийн дундаж хэрэглээ 90 мянган мВт-аас давж, 12 дугаар сарын 23-нд түүхэн дээд үзүүлэлтэд /94 509 мВт/ хүрч өссөн байна.


БНСУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэгдүгээр сарын гурав дахь долоо хоногт оргил цэгтээ хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргажээ. Засгийн газар өвлийн улиралд өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний эрэлтийг хангахын тулд атомын цахилгаан станцуудыг бүрэн ашиглана гэж албаны төлөөлөгчид мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ