Монголд зочлох 10 шалтгаан

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2023-01-09 11:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Давосын эдийн засгийн чуулганы үеэр дэлхийн заавал очих 7 орны тоонд Монгол Улсыг багтааж, нүүдэлчдийн амьдралыг бодитоор нь харъя гэвэл Монгол Улсыг зориорой хэмээн олон улсын аялал жуулчлалын байгууллагаас онцолсон байдаг. Мөн СNN болон дэлхийн нэр хүндтэй байгууллагууд 2016 оны Дэлхийн аялал жуулчлалын онцлох чиглэлийг Монгол Улс буюу Улаанбаатар хэмээн зарлаж байсан удаатай. Одоогоос 70 жилийн өмнө олон улсын аялал жуулчлалд 25 сая жуулчин дэлхийгээр аялж байсан бол эдүгээ энэ тоо 1.3 тэрбумд хүрээд байгаа. Түүхийг эргэн дурсах, экотуризм, онцгой адал явдал, спорт, шашин шүтлэг гээд аялагч бүр өөр, өөрийн сонирхлоор аялдаг. тэгвэл Монголд аялах 10 шалтгааныг онцолж байна.




1.    НҮҮДЭЛЧНИЙ ӨВӨРМӨЦ СОЁЛЫГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ


Монгол Улс өргөн уудам нутаг бүхий онгон төрхөө хадгалсан байгалийн үзэсгэлэн төгөлдөр газрууд ихтэй. Өргөн уудам нутгаар тархсан олон зуун жил хадгалагдан өвлөгдсөн нүүдэлчдийн өвөрмөц ахуй соёл бүхий түүхийн их өвийг Монголоос л харж болно. Мөн түүхийг шимтэн сонирхдог хүн бүхний очих ёстой газруудын нэг бол Монгол Улс. Тухайлбал хаадын хаан Их Эзэн Чингис хааны төрсөн газар Дэлүүн болдог, ууж ундаалж өссөн хажуу булгийн цэнгэг рашаан, Боорчийн хөшөө, Хэрмэн зам, хэрлэнгийн хөдөө арал дахь Долоон болдог, Чингис хааны гэрэлт хөшөө болон Улаанбаатараас холгүй орших Чингис хааны морьт мөнгөн хөшөө гээд түүхэн дурсгалт газруудыг үзэх боломжтой. Өвөрмөц байгалийн зүй тогтлууд, үзэсгэлэнт газар нутаг, Монгол үндэстний давтагдашгүй өвөрмөц хэв маяг, өнгө төрхийг дэлхий дахинаа илтгэсэн, даган дуурайх давтан үйлдэх арга үгүй соёлын өв, дархад урчуудын ур ухаан, уран гараар бүтсэн түүх, соёлын дурсгал, хүний бүтээсэн болон биет бус өв, урлагийн бүтээлийг нүдээр үзэх боломжтой.


.


2.ОНГОН ДАГШИН БАЙГАЛИАС ЭРЧ ХҮЧ СЭЛБЭНЭ


Цар тахал бидэнд маш олон зүйлийг ойлгуулсан. Орчин үеийн жуулчдын сэтгэлгээ өөрчлөгдөж энэ хэрээр аялагчид энгийн зүйлийг хүсэх болсон. Өөрөөр хэлбэл хэт их нягтаршил, метрополис хотын дуу чимээнээс холдохыг чухалчилж, байшин барилгын хөгжлөөс илүүтэй натур байгалийг шүтэж, байгалиас тайвшрал, амар амгаланг эрэлхийлэх болсон билээ. Тэгвэл жуулчин та байгалийн өвөрмөц тогтолцоо, дахин давтагдашгүй байгалийн сайхныг харж сэтгэлийн амар амгаланг эдлэе гэвэл Монголыг зориорой. Нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь онгон дагшин хэвээр байгаа Монгол Улс дэлхий дахины хөгжсөн газруудаас тэс өөр. Тухайлбал дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болох Монголын хөх сувд хэмээн нэрлэсэн Хөвсгөл нуурыг үзэж болно. Нийт 96 гол, горхи цутгах Хөвсгөл нуураас ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Мөн Баян-Өлгий аймгийн улаан хус сумын нутагт байрлах биологийн тогтоц, төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц Алтай Таван богд нь таван ноён оргилоос бүрдэнэ. Түүнчлэн мөсөн голоос эх авсан цагаан гол нь хүмүүсийн сонирхолыг ихээр татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 50.200 метр гүн ангалуудтай бөгөөд мөнх цастай гээд маш олон сонирхолтой тогтоцтой өвөрмөц зүй тогтлыг Монголын уудам их нутгаас харж болно.




3. МОНГОЛ ГЭР-ДЭЛХИЙН ШИЛДЭГ АРХИТЕКТУРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ


Монгол гэр бол яах аргагүй гадны жуулчдын сонирхолд байдаг нэг зүйл. Монгол гэр дэлхийн шилдэг архитектурын бүтээл гэдгээрээ ялгардаг. Өдрийн турш гэрэлтэй агаар сэлгэлт төгс, фэнг шү талаасаа төгс хувилбар гэдгийг эрдэмтэд онцолсон юм. Газар хөдлөлтийн үед тэсвэртэй, энэхүү эко сууц нь 3000 жилийн түүхтэй. XIII зууны үед монголчууд гэр тэргийг их хэрэглэдэг байж. Нүүж суухад энэхүү хөсөг амар хялбар байсан гэдэг. Гэр сууцны хамгийн чухал нэг үзүүлэлт бол "Сууц байх газар хүн амьдрах бус, хүн амьдрах газар сууц байх" боломжтой гэдгийг тодотгож өгснөөрөө онцлогтой. Нүүж суухад хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, агаарын солилцоо сайтай, халуунд сэрүүхэн, хүйтэнд дулаахан гэх мэт олон тодотгол бүхий Монгол гэрт тухлах боломжтой юм. Нутгийн зон олон Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялгадаг.




4.ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ЦӨЛҮҮДИЙН НЭГ МОНГОЛД БИЙ


Монголын говь нь Ази тивд орших хамгийн том, дэлхийд тавд жагсдаг цөлийн бүс юм. Монголын өмнөд хэсэгт орших говь цөл нь байгаль цаг уур, топографийн хувьд олон янзын, ховор амьтан ургамал олонтой. Ялангуяа Өмнөговь аймгийн нутагт орших нэмэгт уул нь эртний үлэг гүрвэлүүдийн ховор олдвор ихээр олддогоороо алдартай. Түүнчлэн Хонгорын элс нь манханы тогтоцтой цөөхөн газруудын нэг. Говийн хойд талын захаар жижиг Баянбүрд байх бөгөөд говийн ундны усыг тэтгэгч гэдгээрээ онцлогтой. Говийн нэг онцлог нь ар талаар нь загийн мододтой. Эхийн гол нь говийн өмнө хэсгээр байрлах ба тусгаарлагдсан үржил шимгүй цөлөөр хүрээлэгддэг. Энд улаан лооль, өргөст хэмх, тарвас, чинжүү зэрэг олон жимс ургадаг. Ийнхүү Монголын говиор аялах нь хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээнэ. 




5.ТАЛ ДҮҮРЭН БЭЛЧИХ ТАВАН ХОШУУ МАЛ


Монгол Улс мал аж ахуй өндөр хөгжсөн орон. Тэр ч утгаараа жуулчдын анхаарлыг ихэд татдаг. Хотоос гараад л тал дүүрэн бэлчих адуу, тэмээ, үхэр, хонь, ямаан сүрэгтэй таарах болно. Монгол мал 500 гаруй нэр төрлийн эмийн болон тэжээллэг ургамал иддэгээрээ онцлогтой. Энэ хэрээрээ Монгол малын мах хүний биед үзүүлэх үр шим өндөр эко бөгөөд Монгол хүний дархлааг өндөр байлгадагаараа онцлогтой. Малын гаралтай түүхий эдийн хамгийн том зах зээл болох 70 сая мал Монголд бий. Түүнчлэн монголчууд ямааны ноолуураа боловсруулан хамгийн нарийн ширхэгтэй, нягтаршил ихтэй ноолуураар дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд хүргэж байгаа. Жуулчдын хувьд удаан эдэлгээтэй, хамгийн сайн чанарын ноолуур “Монгол ноолууран бүтээгдэхүүн” хэмээн нэрлэдэг. 




6.ДЭЛХИЙД ЦӨӨХӨН ҮЛДСЭН МАЗААЛАЙГ ХАРЖ БОЛНО


Монгол нэн ховор ан амьтад ихтэй орон. Тухайлбал Монголын Улаан номд орсон мазаалайг говь нутгаас харж болно. Говь хээрийн бүст хамаарах дэлхийд ердөө 26 ширхэг үлдсэн “Мазаалай” баавгай Монголын их говьд амьдардаг. Мазаалай нь говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог бөгөөд зуны улиралд жигд хүрэн бор өнгөтэй байдаг бол өвөл, хавар хүрэвтэр, бор саарал болж хувирдаг. 11- 3 сар хүртэл хадны агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур, нүх, хэвтэр засан ичдэг бол зун задгай усны ойролцоо нутагладаг амьтан. Мөн говийн бүст цасны ирвэс амьдарна. Дэлхий дээр байгаа цасны ирвэсийн талаас илүү хувь нь Монголд байдаг бөгөөд уугуул оршин суугчид тоо толгой нь үлэмж багассан цасны ирвэсийг хайрлан хамгаалахад анхаардаг.




7.АДАЛ ЯВДЛААР ДҮҮРЭН АЯЛЛЫГ ӨВӨЛ ХИЙЖ БОЛНО


Монголын өвөл жуулчдыг татах өвөрмөц улирал гэж хэлж болно. Цан хүүрэг савсаж, цасан бүрхүүлээр хучигдсан өвөл цаг жуулчдын үзэх нэг хэсэг. Улаанбаатарын өвлийн наадам, цагаан сарын аялалуудыг энэ улиралд үзэх боломжтой. 2014 оноос эхлэн Улаанбаатарын өвлийн наадмыг зохион байгуулж эхэлснээр Монгол орныг зорих жуулчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын улирал уртассан гэж хэлж болно. Улаанбаатарын өвлийн наадмын мөсөн шагай болон өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан зэрэг нь жуулчдын сонирхдог арга хэмжээний нэг болсон. Өвлийн аялал жуулчлалын хүрээнд морь, тэмээн аялал, морин чарганы аялал, нохойн чарганы аялал, цана тэшүүрийн аялал, цаа бугын аялал, цаатаны урцанд хоноглох, өвлийн наран мандахыг харах, цас мөсний баяр, Монголын шинэ жилийн баяр үзэх аялал, монголчуудын цагаан сарын баярыг үзэх, малчин айлын өвлийн амьдралыг турших аялал, ан хийх, мөсөн цооногоос загас барих, харзны усанд орох, бөөгийн тахилга үзэх, мөсөн шагайгаар наадах, сүрлэг бүргэдээр ав хийлгэх гэх мэт маш олон сонирхолтой адал явдлаар дүүрэн аяллыг хийх боломжтой.




8. ДАХИН ДАВТАГДАШГҮЙ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ


Жил бүрийн 7 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд монголчууд үндэсний их баяр наадмаа хийдэг. Үндэсний их баяр наадмаар монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж эрхийгээ эвшин, нум сум харваж цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг уламжлалтай. Эрийн гурван наадмыг төрт ёсны баяр болгож тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үе юм. 1206 оны улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн Эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон түүхтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын нээлтийг хийдэг бөгөөд түүхийн үечлэл, их өв соёлыг харуулсан зохиомжит урлагийн нээлт хийдэг нь жуулчдын хувьд хамгийн сонирхолтой үзүүлбэр. Үндэсний их баяр наадам нь сум, аймаг, нийслэлд нэгэн зэрэг тэмдэглэдэгээрээ онцлогтой.





9. ҮНДЭСНИЙ ХЭВ ШИНЖИЙГ АГУУЛСАН МОНГОЛ ХООЛ


Монголчуудын хоол хүнс, идээ ундаа нь эртнээс уламжилж ирсэн нүүдэлчин амьдрал, байгаль газар зүйн онцлог, мал ахуйтай нарийн холбоотой. Монголын уламжлалт идээ ундаа нь эрүүл чийрэг, хүч чадалтай нүүдэлчин үндэстний оршин тогтноход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Монголчууд дөрвөн улирлын цаг уурт тааруулан хоол хүнсээ хэрэглэсээр ирсэн. Тухайлбал өвлийн хүйтэнд махан хоол, хавар намар холимог хоол, зун цагаан хоол голлон хэрэглэдэг. Шинэ хоолнууд амсаж үзэх нь аяллын хамгийн сонирхолтой мөч. Тэгвэл Монгол үндэстний хоол ямар амттай болохыг өөрийн биеэр ирж, идэж үзэж мэдэрнэ. Малчин айлаар зочлохдоо өөрсдийн нөөц бололцоо болон амьтны гаралтай түүхий эдийг ашиглан хэрхэн хүнс хоолны хэрэгцээг хангаж буйтай танилцах болно. Сүүлийн үед аялал жуулчлалын үйлчилгээний уламжлалт тансаг хоолоор жуулчид “Хорхог”-ыг нэрлэх болсон. Хорхогыг ихэвчлэн хонь, ямааны махаар хийдэг бөгөөд битүү чанаж бэлтгэдэгээрээ онцлогтой. Түүнчлэн Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг жуулчдад түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "UB FOOD FESTIVAL" арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн. Эл арга хэмжээний хүрээнд “Монгол хоол”-ны онцлогыг мэдэрч амтлах боломжтой.




10.  НАЙРСАГ АРД ТҮМЭН, ОРЧИН ҮЕИЙН ХЭВ ШИНЖИЙГ МЭДЭРНЭ


Орчин үеийн жуулчид сонирхон ирж үзэх тэдний сонирхлыг татах олон зүйл монголд бий. Морин дэл дээр хийсгэж, дэлхийн талыг эзэлсэн хэмээх төсөөлөл ул болж орчин үеийн соёл иргэншилтэй монголчууд дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна. Электроникоос эхлээд жуулчдын хүсэх дээд зэрэглэлийн зочид буудал, рестораны үйлчилгээ, дэлгүүр хоршоо гээд бүх зүйл Монголд бий. Мөн кино урлаг, дуу хөгжмийн ертөнц, спортын талбар гээд сонирхол татах зүйлс олон. Тухайлбал амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, Ногоон хөгжил-Монголын ирээдүйн төлөө уриатай “PLAYTIME” олон улсын хөгжмийн наадмыг зун цагт үзэх боломжтой. Эцэст нь хэлэхэд, Монголд аялсан жуулчдын дийлэнх нь дэлхий дээрх хамгийн найрсаг ард түмнээр монголчуудыг нэрлэсэн удаатай. Монгол зон гадны зочдыг найрсагаар угтан авч, соёл уламжлалаа таниулан сурталчилж, орчин үеийн хэв шинжийг агуулан байна.





Холбоотой мэдээ