Б.Энхбаяр: Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцох 166 хүнийг 300 болгож өргөтгөсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-09 11:04:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүд өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.



Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооны гишүүд оролцох юм. Өөрөөр хэлбэл, нийт УИХ-ын гишүүд оролцохгүй. Иргэд оролцох явдал хязгаартай байх болно" хэмээн мэдэгдэв. 



Тэрбээр цааш ярихдаа "Уг сонсголын эхний шат энэ сарын 16-20-нд болно. Сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсоно. Ингэхдээ Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хөндөх юм. Хяналт шалгалтын урьдчилсан дүгнэлтээр тэдгээр 77 төсөл хөтөлбөрөөс 22 нь хэвийн үргэлжилж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс 55 төсөл хөтөлбөрийг тойрсон асуудал энэ үеэр яригдах юм. Ажлын таван өдөр эл асуудлыг ярина гэж тооцвол нэг өдөрт 11 төсөл хөтөлбөр хөндөгдөнө.  


Энэ долоо хоногт гэрчүүдийг албан ёсны хуудсаар сонсголд дуудна. Тус сонсголыг МҮОНТ-ээр шууд цацаж, иргэд, олон нийтэд түгээнэ. Хэвлэлийнхэн уг дамжуулалтаас мэдээллээ хүлээн авч, цацах юм. Мөн өмнө нь 166 хүнийг сонсголд дуудахаар товлоод байсан ч өргөтгөж, нийт 300 гэрчийг дуудаж мэдүүлэг асуухаар тогтсон. Гэрчийн мэдүүлэг нь цаашид шүүхэд нотлох баримтын шинж чанартай үнэлэгдэнэ. 2010 хойших ажиллаж байсан бүх шатны албан тушаалтнууд уг сонсголд оролцож, хариулт өгөх болно. 



Хоёрдугаар шатны сонсгол ирэх сарын 6-10-нд товлогдсон ба тус банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх мэдээллийг сонсож, банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын өгсөн дүгнэлт зөвлөмж, үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, холбогдох гэрчээс мэдүүлэг авна. 


Төгсгөлийн шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-нд болох бөгөөд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнтэй танилцаж, шаардлагатай гэрчийн мэдүүлэг авахын зэрэгцээ тус банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээллийг сонсож, нээлттэй сонсголын үр дүнг хэлэлцэн, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг сонсохоор тогтсон.




Дээр дурьдсан 2542 төсөл хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалтыг өмнө нь огт хэвлэл мэдээллээр яригдаж байгаагүй" хэмээлээ.





Холбоотой мэдээ