Египетийн зүүн хойд нутагт цас оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-09 16:18:16

КАИР. /Ad Dustour/. Нэгдүгээр сарын 9-ний даваа гарагт шилжих шөнө Египетийн зүүн хойд нутгийн зарим хэсгээр цас оржээ.


Тус улсын Шаркия мужийн зарим хот, тосгодын зам талбай, байшингуудын дээвэр нойтон цасанд "дарагдсан", авто замууд "мөсөөр хучигдсан" зургууд орон нутгийн сонинуудад хэвлэгдсэн байна.  


Шаркия мужийн Эль-Ашир-мин-Рамадан хот


Цаг агаарын таагүй үзэгдэл мөн Каир хотод ажиглагдсан бөгөөд хотын эрх баригчид ширүүн бороо, нойтон цас холилдон орсны дараа зам, нийтийн аж ахуйн үйлчилгээнд онцгой байдлын дэглэм тогтоожээ. Тус хотын олон гудамж усанд автаж, зарим нүхэн гарц хаагдаж, Нил мөрөн дээгүүрх гүүрний тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хязгаарлагдсан байна. 


Египетийн төв болон хойд хэсэгт агаарын температур огцом буурч, Газрын Дундад тэнгисийн эргээс хүчтэй аадар бороо орсны дараа эдгээр арга хэмжээг авчээ. Шөнийн цагаар агаарын температур -10 хэмээс доош унаж байгаа нь төвийн халаалтын системгүй Каир болон бусад хотын хувьд хүндрэл үүсгэж байна. Цаг уурчдын мэдээлснээр, ойрын хэдэн өдөрт цас, бороотой байх төлөвтэй.


Жилд унах хур тунадасны хэмжээ нь 27 мм байдаг Египет улсын хувьд цас бороо орох нь ховор тохиолддог үзэгдэл юм. Нийслэл Каир хотод нь 112 жилийн дараа анх удаа цас орсон тухай мэдээ 2013 онд дуулиан болж байв.

Холбоотой мэдээ