Нийт хүүхдэд 1072 хувьцаа эзэмшүүлэх боломжийг бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуультай холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр баялгийн оновчтой менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлсэн юм. Тогтоолын төсөл дэх зохицуулалтын хүрээнд иргэдийн эзэмшил дэх “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн 1 сая орчим хүүхдэд төрийн эзэмшлийн хувьцаанаас 1072 ширхэгийг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн харж байгаагаа Ж.Бат-Эрдэнэ гишүүн тайлбарласан. Түүнчлэн газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш, шударга, хүртээмжтэй болгох, компанийн сайн засаглал, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож байгаа гэлээ.
Иргэн бүрийн эзэмшиж буй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны өгөөжийг нэмэгдүүлэх, жил бүрийн ногдол ашгийг олгохтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут нар санал гаргаж байв. Мөн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Ганибал, О.Цогтгэрэл, Т.Доржханд, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийлсэний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг ийн хийж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.