Түүх, соёлын дурсгалд бүртгэгдсэн Холбооны анхны байшинг хуулийн дагуу төрийн өмчид эргүүлэн авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх, соёлын дурсгалт өв Монголын холбооны анхны байшинг шүүхийн шийдвэрийн дагуу төрийн өмчид эргүүлэн авчээ.
Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталснаар өнөөгийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах ногоон байшинд телефон станцыг байгуулж байжээ. Тус барилга нь 1913 онд баригдаж, 1914 онд баруун талын залгааг барьж дуусган анхны телефон станц байрласнаар олноо Төмөр утасны хороо буюу Холбооны анхны барилга хэмээн нэрлэгдэж, 1921 оны 7 дугаар сараас эхлэн 1998 он хүртэл Холбооны музей байрлан ажиллаж байсан түүхт газар юм. Гэвч 2000 оны эхнээс тус байшинд хувийн компани хууль бусаар хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулж ирсэн аж. Өнөөдрөөс тус байшинг хуулийн дагуу төрийн өмчид эргүүлэн авсан байна.
2004 онд уг барилгын өмчлөх эрх хууль бусаар “Ванхүү” ХХК-д шилжсэн байсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар судалж тогтоон, улсын бүртгэлийг хүчингүй болгох арга хэмжээ авч, улмаар Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай хэмээн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч “Ванхүү” ХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан боловч 3 шатны шүүхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг зөвтгөж шийдвэрлэжээ. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Ванхүү” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 15-ны А-1/2292 тоот албан бичгээр хууль бус эзэмшлээс төрийн өмчийн байр талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч сайн дураар биелүүлээгүй аж. Тиймээс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/Ш32022/28195 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 101/ГХ2022/02798 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гаргуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А-1/2392 тоот албан бичгээр албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаж “Холбооны анхны байшин”-г Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүлээлгэн өгчээ.
Ташрамд дурдахад, тус түүхэн дурсгалт байшинг анх Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 326 дугаар тогтоолоор хотын хамгаалалтад авч байсан бол Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалд бүртгэжээ.