ДУНДГОВЬ: Хулд суманд зочилж, "Тэмээний өв соёл"-той танилцаарай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-01-13 12:57:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд суманд энэ сарын 26-нд “Тэмээний өв соёл” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

Тус аймаг Ногоон хөгжил, аялал жуулчлалыг хөгжүүлэхийг нэг зорилтоо болгон дэвшүүлж, байгалийн үзэсгэлэнт газар Цагаан суварга, Дэл уулын түүх соёлын үнэт дурсгалд түшиглэн “Сэтгэшгүй оддын чуулган”, адууны өв соёлыг сурталчлах “Адууны өв соёл”, тэмээг дэлхийд таниулах “Тэмээний өв соёл” зэрэг хэд хэдэн үйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулж,  түүнийгээ “брэнд” болгохоор төлөвлөж байгаа юм.

2022 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймаг 4,1 мянган тэмээ тоолуулжээ. Тэмээний тоогоороо Өлзийт сум тэргүүлж, Хулд сум хоёрдугаарт жагсдаг. Түүнээс гадна Хулд сум “Олдохын хүрэн бор” тэмээний омгоороо алдартай.

Говийн малчид тэмээний зан араншин, биологийн онцлогийг танин мэдэж, номхруулан уналга, ачлагад ашиглаж, сүү, саалийг нь боловсруулан хэрэглэдэг өвөрмөц соёлтой ард түмэн. Түүнчлэн тэмээний сүү, ааруул, хоормог, мах, тосыг эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг.

Говь цөлд амьдрах зохицол нь бүрдсэн тэмээ нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтэн, ган, зуд зэрэг байгалийн хатуу ширүүнийг даван туулах чадвараар бусад малаас ялгаатай.

Тэмээг 2-3 настайд нь унаж, 4-5 насанд нь ачлага, хөллөгт сургадаг. Ингэхдээ буйллах, ногтлох, бурантаглах, хомнох зэрэг өвөрмөц өв соёлыг бүтээжээ.

Тиймээс “Тэмээний өв соёл” нэгдсэн үйл ажиллагаа нь тэмээний энэ их өв соёлыг өвлүүлэх, сурталчлах, дэлхийд таниулах зорилгоор сайхан буур, сайхан ингэ, сүүтэй ингэ, ганган хос шалгаруулж, тором, тайлаг тэмээний уралдаан, буухиа, буйл зорох, бурантаг томох зэрэг тэмцээн, цагаан идээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.  



Холбоотой мэдээ