ХОВД: Булган боомтыг өргөтгөж, тасралтгүй ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй ажлын баг Ховд аймгийн Булган, Үенч суманд ажиллаж байна.
Хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Булган суманд байрлах Булган боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Булган боомтоор нүүрсний экспортыг түлхүү нэвтрүүлдэг. Мөн барилгын материал болон бусад түүхий эд, өргөн хэрэглээний бараа материалын импорт, жижиглэн хүнсний бүтээгдэхүүний экспорт хийж байгаа зэрэг орон нутгийн иргэдийн амьжиргаанд чухал нөлөөтэй.
БНХАУ хилээ нээснээр хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны ачаалал ихэснэ. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Булган боомтын үйл ажиллагааг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Булган боомт коронавирусний халдварын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөнөөр өнгөрсөн хугацаанд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ялангуяа Замын-Үүдийн боомт хаалттай байсан өнгөрсөн нэг жилийн хугацаанд ганц ч өдөр амралтгүй ажиллаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд цаашид ч амралтын өдөр гэлтгүй ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байна” гэж хэллээ.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс тус боомтыг өргөтгөж, шинэ гарц боомт барих ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд тус боомтыг дөрвөн гарцтай байхаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байна.
Ингэснээр Булган боомтын хүчин чадал нэмэгдэж эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр болно гэж албаныхан мэдээллээ.