Сар шинийн үзэсгэлэн, худалдаанд жуулчдад зориулсан эмээлүүд дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-21 09:58:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтсан үндэсний үйлдвэрлэгчдийн “Амар байна уу-2023 өргөтгөсөн үзэсгэлэн-худалдаа “Шинэ 100 айл” худалдааны шинэ төвд өчигдөр нээгдлээ. 


Үзэсгэлэн худалдаанд аймаг, орон нутаг болон Улаанбаатар хотын дүүргүүдийн үйлдвэр эрхлэгчид, ААН-үүд оролцохоос өчигдрийн байдлаар байгаль цаг уурын нөхцөл байдлаас болж хөдөө, орон нутгийн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчид хараахан ирж амжаагүй байсан бол өнөөдрөөс худалдаа жигдэрч байна.


“Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаанд 1000 ААН, байгууллагын 15-20 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр иргэдэд хүргэхээр болжээ. Ингэснээр чанартай, баталгаатай, эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээ боломжийн үнээр худалдан авах нөхцөлийг хэрэглэгч нарт Сар шинийн баярын өмнө олгож буй талаар Нийслэлийн ЖДҮ, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн хэллээ.  


Түүнчлэн ЖДҮ бизнес эрхлэгч нар томоохон ААН-тэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах боломж олгож буй. Тиймээс энэ бол иргэд зөвхөн худалдан авалт хийхээс илүү бизнес, худалдаа эрхлэгч нар хоорондоо харилцах, үйлдвэрлэгчдээ дэмжих үйл ажиллагаа болно гэдгийг тодотгов.


“Амар байна уу-2023 үзэсгэлэн-худалдаагаар өчигдөр ороход хорхой ааруул кг нь 18-20 мянган төгрөг, айраг литр нь 6-7 мянган төгрөг, аарц нэг бөмблөг нь 5-6 мянган төгрөг, хонины ууц кг нь 7-8 мянган төгрөг буюу хүнсний бусад зах, дэлгүүрүүдээс 4-5 мянган төгрөгөөр хямд үнээр худалдаж байна.


Бэлэг дурсгалын бараа, монгол дээл, малгай, гоёлын барааг сонирхвол, “Тэргүүн малгай” үйлдвэрийн малгайнууд: лоовуузан малгай 350 мянган төгрөг, гоёлын эрэгтэй, эмэгтэй малгай 450 мянган төгрөг, халх малгай 200 мянган төгрөг, 4 талт тоорцог малгай 105 мянган төгрөг, эсгийн малгайнууд 75 мянган төгрөгийн үнэтэй байна. Бэлэг дурсгалаас давсаар хийсэн цэцгүүд 8-65 мянган төгрөг, хөөрөгний даалин 10 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.


Үзэсгэлэн, худалдаанд Дархан-Уул аймгаас ирж оролцож буй арс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч иргэн Н.Саран төрөл бүрийн эмээл тавьсан байв. Тэрбээр, гадна дотны жуулчдад зориулсан гоёлын эмээлээс эхлээд энгийн болон кобой стилийн эмээл хүртэл хийж урласнаа танилцуулав. Эмээлүүдийг 780-950 мянган төгрөгөөс эхлэн худалдаж байна.








“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд тус зах руу “III-IV хороолол-Дүнжингарав-Шинэ 100 айл” гэсэн чиглэлийн автобус 7-10 минутын хүлээлтийн зайтай үйлчилж байна. Өнөөдрөөс 5 чиглэлд нийтийн тээвэр явж эхэлж байна. 


Холбоотой мэдээ