Бразил, Аргентин нэгдсэн мөнгөн тэмдэгтэд шилжих тухай хэлэлцээгээ сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-23 13:15:00

БУЭНОС-АЙРЕС. /DW/. Бразил, Аргентины эрх баригчид нэгдсэн мөнгөн тэмдэгт бий болгох ажлыг эхлүүлэхээр болсон байна.  Энэ талаар  хоёр улсын Ерөнхийлөгч нар Аргентины долоо хоног тутмын “Perfil” сонинд нэгдүгээр сарын 22-ны ням гарагт нийтлүүлсэн хамтарсан нийтлэлдээ дурджээ.


"Бид санхүүгийн болон худалдааны үйл ажиллагаанд ашиглаж болох зардал, гадаад хараат байдлаа бууруулах боломжтой Өмнөд Америкийн нэгдсэн мөнгөн тэмдэгтэд шилжих асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр шийдлээ" гэж хоёр улсын одоогийн удирдагчдын гурван жилийн дараа хийх гэж буй анхны уулзалтын өмнө бичсэн нийтлэлд онцолсон байна.


Шинэ валютын холбоо нь цар хүрээгээрээ дэлхийн хоёр дахь том холбоо болж магадгүй байна. 


Өмнөд Америкийн хоёр том эдийн засгийн энэ төлөвлөгөөний талаар анх “The Financial Times” сонин мэдээлж байв. Нэгдсэн нэг валютад шилжих төслийг Буэнос-Айрест болох дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх бөгөөд Латин Америкийн бусад орнуудыг оролцохыг урина гэж уг хэвлэл мэдээлжээ.


Урьдчилсан төлөвлөгөөнөөс үзвэл, Бразилын реал болон Аргентины песотой зэрэгцүүлэн гүйлгээнд оруулах шинэ мөнгөн тэмдэгт бий болгох тухай яригдаж байна. Хэрэв Өмнөд Америкийн бусад орон уг төсөлд нэгдвэл валютын энэхүү холбоо нь дэлхийн ДНБ-ий 5 орчим хувийг хамарч, дэлхийн хоёр дахь том холбоо болно гэж “The Financial Times” тооцоолжээ. Дэлхийн хамгийн том валютын холбоо болох еврогийн бүс нь дэлхийн ДНБ-ий 14 орчим хувийг эзэлдэг. 


Бразил, Аргентины эрх баригчид сүүлийн хэдэн жилд нэгдсэн валютад шилжих асуудлыг хэлэлцэж байсан боловч Бразилын Төв банк эсэргүүцсэний улмаас хэлэлцээ зогссон байна. Одоо хоёр улсад зүүний үзэл баримтлалтай удирдагчид засгийн эрх барьж байгаа тул энэ төлөвлөгөө илүү их улс төрийн дэмжлэг авна гэж “The Financial Times” сонинд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ