Зургаан дэд төв байгуулах хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-24 07:24:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бичиг баримтад зааснаар Улаанбаатар хотыг 8 бүс бүхий 47 нэгж хороолол, 6 дэд төв, хотын 2 төвтэй төлөвлөөд байгаа. 


Энэ дагуу Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг 2014-2023 он хүртэл 3 үе шаттай хэрэгжүүлж, 6 дэд төв байгуулахаас Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулаад байна. Баянхошуу дэд төвд 6.5 км зам, 6.7 км дулааны шугам, ариутгах татуургын 17 км шугам байгуулж, нам даралтын 29 зуух буулгасан нь 17,020 тонн нүүрсний хэрэглээг хассан. Түүнчлэн дэд станц, усан сан, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын суваг, тохижилт, ногоон байгууламж, 70 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв барьжээ. Сэлбэ дэд төвд 3 гүүр, 6.8 км авто зам, 17 км дулааны шугам, ариутгах татуургын 2 км шугам, мэдээлэл холбооны байр, үерийн хамгаалалтын 2 км суваг, усан сан, дулааны станц байгуулж, 35 аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугамд холбожээ. Мөн 50 айлын орон сууц, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, 320 суралцагчтай Бизнес инкубатор сургалтын төв барьжээ.



Төслийн 2 дугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулах ажил 46 хувьтай байна. Дамбадаржаа дэд төвийн хүрээнд Сүхбаатар дүүрэгт 70.7 га талбайг хамруулан төлөвлөж, барилга угсралтыг эхлүүлсэн. Дэнжийн 1000 дэд төвийн хүрээнд 93 мВт-ын хийн түлшээр ажилладаг дулааны станц барина. Мөн Сонгинохайрхан дүүрэгт 126 айлын орон сууц, аврах гал унтраах ангийн барилга, 650 хүний суудалтай спорт цогцолбор, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр, 240 хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн хөгжлийн төв барих юм.

Харин 3 дугаар үе шат буюу Толгойт, Шархад дэд төвийн ажил 12 хувьтай байна. Толгойт дэд төвийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 153 га талбай төлөвлөж, 5.7 км зам, 5.6 км дулааны шугам, 6.4 км усны шугам, ариутгах татуургын 7.2 км шугам, 5.8 км үерийн хамгаалалтын суваг татахаар төлөвлөжээ. Мөн эрүүл мэндийн төв, сургууль, Бизнес инкубатор сургалтын төв байгуулах аж.


Төслийн хүрээнд 12 км цэвэр усны шугам татахаас 11 км-ийг нь хийжээ. Ингэснээр гэр хорооллын иргэдийн цэвэр усны хангамжийн хэвийн ажиллагааг хангана. Мөн УСУГ-ын 10 насос станц шинэчилснээр жилд эрчим хүчний 250 сая төгрөг хэмнэжээ. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Цайз эко хотхоны гадна инженерийн шугам сүлжээ байгуулж, Морингийн даваа орчимд 1750 айлын барилгажих талбайн дулаанаас бусад инженерийн хангамж хийжээ. Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж буй 10 сургууль, цэцэрлэгийн дэд бүтцийг бие даасан дэвшилтэт технологиор шийдэн, 1352 нэгж талбарт 1757 өрхийн газрыг чөлөөлжээ. Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн аж.

Өмчийг хариуцагч байгууллагад шилжүүлэх, хил хаагдсанаас болж бараа, материалын үнэ, өртөг нэмэгдэж, нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа”-г төслийн ерөнхий инженер Б.Анхбаяр тэмдэглээд, дулааны 2 станц барих тул хугацааг 2025 оны 12 дугаар сар хүртэл сунгах хүсэлтэйгээ хэллээ. Хотын дарга тулгамдсан асуудлаа албан бичгээр ирүүлж, ажил хаана гацаад байгааг тогтоож, яаралтай шийдэх шаардлагатай гэв. 

Холбоотой мэдээ