Олон улсын боловсролын 10 зорилт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
erdenebat@montsame.mn
2023-01-24 08:25:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2018 оны хурлаас жил бүрийн 1 дүгээр сарын 24-ний өдрийг боловсролын олон улсын өдөр болгохоор шийдвэрлэсэн байна.


НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын нэг гол зорилт бол иргэнд чанартай боловсрол олгох явдал ажээ. Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ийг 2015 онд НҮБ-ын 70 дугаар чуулганаар баталжээ. Хөтөлбөрийн гол концепц нь НҮБ-ын гишүүн орнууд ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, харилцан туслах, аль нэг улс орныг хөгжлөөр нь орхихгүй юм байна. Иргэнд чанартай боловсрол олгох зорилтын хүрээнд НҮБ-ын орнууд тодорхой хамтдаа, харилцан туслах зарчмаар олон улсын боловсролын өдрийг бий болгожээ. ЮНЕСКО-гийн гаргасан тоогоор бол дэлхий дахинд 2010 онд 3.5 сая залуус өөрийн улсаас бусад улс оронд буюу гадаадад дээд боловсрол эзэмшжээ. Харин 2020 онд зургаан сая хүрсэн аж. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгыг манлайлах, хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилгын 10 зорилт нь боловсролын асуудлуудыг хамардаг. Түүний долоон зорилт нь хүлээгдэж буй үр дүн, гурав нь зорилтод хүрэх арга зам ажээ. Тэдгээрийг та бүхэнд танилцуулж байна.


Үр дүнгийн зорилт

Зорилт 4.1: 2030 он гэхэд бүх охид, хөвгүүд үр ашигтай, уялдаа холбоо бүхий тэгш, чанартай боловсролын үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж бага, суурь боловсрол эзэмших боломжоор хангагдсан байна.

Зорилт 4.2: 2030 он гэхэд бүх охид, хөвгүүд бага насны хүүхдийн хөгжил, халамж болон сургуулийн өмнөх чанартай боловсролд хамрагдаж, бага боловсрол эзэмшихэд бэлтгэгдсэн байна.

Зорилт 4.3: 2030 он гэхэд бүх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд боломжийн төлбөр бүхий чанартай техникийн болон мэргэжлийн боловсрол, дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангагдсан байна.

Зорилт 4.4: 2030 он гэхэд зохистой ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэхэд шаардлагатай техникийн болон мэргэжлийн зохих ур чадвар, дадал бүхий залуучууд, насанд хүрэгчдийн тоог эрс нэмэгдүүлсэн байна.

Зорилт 4.5: 2030 он гэхэд боловсрол дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаж, боловсролын бүх түвшинд, мэргэжлийн боловсрол сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, уугуул иргэд зэрэг эмзэг нөхцөлд буй хүүхэд, залуучуудыг татан оролцуулж, тэгш боломжоор хангасан байна.

Зорилт 4.6: 2030 он гэхэд бүх залуучууд болон насанд хүрсэн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дийлэнх хувь бичиг үсэгт тайлагдан, тоо тоололд суралцсан байх нөхцөлийг хангасан байна.

Зорилт 4.7: 2030 он гэхэд бүх суралцагчид тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадварт,  тухайлбал, тогтвортой хөгжил, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендерийн тэгш байдал, энх тайван, хүчирхийллийг үл дэмжих, дэлхийн иргэн байх, тогтвортой хөгжилд соёлын оруулах хувь нэмэр, соёлын олон төрөлт байдлыг хүлээн зөвшөөрөх зэрэгт суралцсан байна.


Зорилтод хүрэх арга зам

Зорилт 4.a: 2030 он гэхэд бүх хүнд аюулгүй, хүчирхийлэлгүй, тэгш хамруулсан, үр дүнтэй суралцах орчин бүрдүүлж, боловсролын байгууллагыг хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээл болон жендерийн ялгаваргүй болгон шинэчлэн сайжруулна.

Зорилт 4.b: 2020 он гэхэд өндөр хөгжилтэй болон бусад хөгжиж буй орнуудад мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан техникийн ухаан, инженерчлэл, мэдээлэл харилцааны технологи зэрэг салбарт дээд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, жижиг арлын улс, Африк тивийн орнуудын иргэд хамрагдах боломжтой тэтгэлгийн тоо хэмжээг дэлхий дахинаа эрс нэмэгдүүлнэ.

 Зорилт 4.c: 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, жижиг арлын орнуудын багш нарыг бэлтгэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг дэмжих замаар мэргэшсэн, чадварлаг багш нарын тоог нэмэгдүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ