ТӨВ: Манзушир хийдийн туурь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-02 11:04:38

ТӨВ /МОНЦАМЭ/ Монгол Улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ үзэсгэлэнт байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. 

Энэ удаа Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших 290 жилийн түүхэн дурсгалт газар Манзушир хийдийн туурийг танилцуулж байна.


Манзушир хийдийн туурь нь Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километр зайд Сэргэлэн сумын нутаг Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт оршдог. Далайн түвшнээс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу Богд хан уулын өвөр дэх Тулгатын булаг гэдэг газар юм. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан, донхор хутагт Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. Манзушир гэдэг нь “Оюун билгийн тэнгэрийг сахих бурхан” гэсэн утгатай аж.


Сүм, дуган, хийдийн барилгын түүхээс...

Манзушир хийдийн суурь тавигдсан үеэс эргэн тойронд нь сүм дуганыг дагуулан байгуулж эхэлсэн байна. Халхын тамгатай долоон хутагтын тэргүүн Манзушир хутагтын хийдийг 1733 онд Монголын анхны хувилгаан Агваанлувсанжамбалданзан Богд уулын энгэр Ачит Дүйнхэр булгийн эхэнд шав тавьж, сүсэгтэн олны өргөл 800 лан мөнгөөр сүм бариулсан нь энэ хийдийн эхлэл байжээ. Хийдийг 1733 онд барьж эхлээд 1747 онд дуусгасан байна. Манзуширын хийд Зүүн хойд, Баруун урд гэсэн хоёр хүрээтэй. Хүрээ бүр нь дөрвөн арвантай, арван бүр нь даргатай. Хийдээс зүүн урагш овооны энгэрт борчуулын хороо байжээ. Овооны өвөр дэх хороонд тус хийдийн лам бус гар урчууд, сүм суварга босгодог дархан, мужаан, арилжаа наймаа эрхлэгч, ядуус амьдардаг байсан.


Одоо энэ газарт "Овооны энгэр" нэртэй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. 1791 онд Манжийн хааны зарлигаар тус хийдийн нэрийг “Буяныг залбирагч” болгон өөрчилсөн. Тус хийдэд 500 гаруй лам сууж ном хурдаг байсан бөгөөд нийт 5 дацантай байв.Тус хийдийг нураан сүйтгэхээс өмнө буюу 1937 оны наймдугаар сарын 25-нд хийсэн тооллогоор дуган 10, байшин хоёр, гэр тав, хийдийн хэмжээтэй 500 шахам ам метр, барилгуудын чанар сайн гэж бүртгэгдэн үлджээ.


XVIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулан, өмнө талд нь Богд уулаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ. 1736 онд Цанид дуган, 1760 онд Бадмаёго дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордон, 1780 онд Жүд дацан, 1790 онд Гомбо дуган, 1867 онд Мамба дацанг байгуулж, Хангал, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мангал зэрэг сүм дуганыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна.

Эдгээр сүмүүд нь Богд хан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ. Хожим 1937 онд сүүлчийн зургадугаар хутагт Цэрэндоржийг хэлмэгдүүлж цаазалсны дараа уг хийдийн 50 гаруй лам нарыг мөн шийтгэж, хийдийг нураасан байна. 200 гаруй жилийн түүхтэй тус хийдийг буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтад авсан. Өдгөө Манзуширын хийдийн туурьд XVIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг. Бурхан шашны 200 гаруй жилийн түүхтэй хийдийн Манзушир хутагтын зуны сэрүүн лаврины суурин дээр дахин 1992 онд байгуулж, шашны холбогдолтой музей болгожээ.


Ном судар, лам нарын тухайд

XX зууны эхэн үе гэхэд 500 гаруй шавьтай, гавж аграмбын мяндгийг олгодог Монголын нэр нөлөөтэй том хийд болсон байна. Түүнчлэн зөвхөн энэхүү хийдэд 350 гаруй лам ном хурдаг байсан гэдэг. Манзушир хийдэд 1907 онд дархан Намжилдагвын 2460 лан алт мөнгөөр бүтээсэн дэлхийд хосгүй ганцхан Сандуйжүд, Доржсодво судрууд залагдаж байсан түүхтэй.
1937 оны их хэлмэгдүүлэлтэд Манзуширын хийд өртөн, лам нарыг нь баривчилж, хөрөнгө зоорийг хураахад энэхүү гайхамшигт судрууд хамт хураагдаж Улаанбаатар хотод аваачсан байна. Манзушир ламтаны хийдэд дотоод яамны төлөөлөгчийн үүрэг хүлээж ажилласан Лувсанжамъян, Норов нар алтан, мөнгөн судрыг хурааж ирээд хэрхэх тухай маршал Х.Чойбалсангаас асуухад "Алт, мөнгө, шүр, сувд их оруулсан үнэхээр сонин түүх дурсгалтай судар байна. Юу ч гэсэн хойноос /ЗХУ-аас/ хариу шийдвэр иртэл Судар бичгийн хүрээлэнд шилжүүлж, бат хадгалж бай" гэсэн тушаал буулгасан ажээ. Ийнхүү дэлхийд хосгүй алт, мөнгөн судрууд өдгөө Монгол Улсын Үндэсний номын санд нандигнан хадгалагдаж байна. 


Түүнчлэн тус хийдэд буддын гүн ухаан, судар тарнийн ёс, түүх, анагаах ухаан, хэл шинжлэл, зурхай, уран зохиол, одон орон, орчуулга зэрэгт мэргэшсэн билэг төгс мэргэд олон байсан гэдэг. Манзуширын хийдийн сүүлчийн хутагт нь Цэрэндорж хэмээх хүн байсан бөгөөд тэрбээр Манзушир хутагтын V дүрийн хувилгаан байжээ. Цэрэндорж нь Халхын Сайн ноён хан аймгийн Наянт вангийн хошууны нутагт мэндэлж, хутагт хувилгаанаар залагдан, Манзуширын хийдэд бага наснаасаа эхлэн суусан гэдэг. Манзушир хутагт Цэрэндорж нь VIII Богд Жавзандамба хутагттай хамт 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд идэвхтэй оролцжээ. Тэрбээр гавж, аграмбын мяндаг хамгаалсан эрдэмтэй лам хүн байсан бөгөөд 1937 онд Ёнзон хамба Лувсанхаймчигийн хэрэг хэмээх хилс хэрэгт буруутгагдан хороогджээ.

 


Домгийн тухайд...
Халхын анхдугаар Манзушир хутагт долоон тангад ламын хамт 1733 оны хавар Богд хан ууланд хийд байгуулах газар шинжин явтал цагаан чулуугаар сийлсэн "Цагаан өвгөн", хаш чулуун "Найдан" бурхан олдсонд "Билэг шинж үзэгдлээ" гэж үзэн хийдийн шавыг тавьсан гэдэг яриа үе дамжин иржээ.


Манзуширын хийдийг монгол барилгачин, чулуу засагч урчууд, сүсэгтнүүдийн хамт мод, чулууг үхэр тэргээр зөөж барьсан байна. Манзуширын хийд 14-17 орчим барилгатай байсан гэж яригддаг. Манзуширын хийдийн байрлал нь "Хангардийн хэлбэртэй" гэх агаад үзэсгэлэн төгөлдөр Богдхан уулын энгэрт газрын налууг дагуулсан хамгийн дээр нь цогчин дуган барьж, бусад барилгыг доош нь үелүүлэн барьсан нь холоос харахад үзэмж төгс харагддаг байжээ. Манзуширын хийд гоёмсог барилга, уран сийлбэр, зурмал хатгамал бурхны дүрүүд, хөгжмийн зэмсгүүд гээд шашин урлагийн хосгүй дурсгалуудаар алдартай байжээ. 


Манзушир хийдийн сүүлчийн хутагт Цэрэндорж хилс хэргээр баригдан 1937 оны аравдугаар сард цаазлуулсан. Мөн тус хийдийн нэр бүхий 53 лам баривчлагдаж ихэнх нь цаазаар авахуулах ял сонссон байна. Тэднээс амьд үлдсэн нь цөөхөн ажээ. Ийнхүү олон зуун жилийн түүхтэй Манзуширийн хийд эзгүйрч, аймгийн яамны шийдвэрээр барилгуудыг нь ийш тийш зөөснөөр хийдийн туурь л үлджээ.


Харин хийдийн хойд талын хаднууд дээр сийлсэн бурхдын зураг өнөөдөр ч гэсэн байсаар байна. Хүрээний ардууд эртнээс нааш Богд хан уулыг “Хөдлөхгүй хүй мандал, ширгэшгүй рашаан ундарга, гандашгүй ганган цэцэг” хэмээн хүндэтгэж ирсэн. 1808 онд Монголд ирсэн Оросын Грибовский “Хүрээний ардууд Богд хан уулнаасаа зомгол ч авдаггүй, навц цэцгийг нь ч хөнддөггүй” хэмээн тэмдэглэсэн байдаг. Богд гэдэг нь “оройн дээд” гэсэн утга бөгөөд хүрээний сүсэгтнүүд жилд 2 удаа тойрч гороолдог байв. Богд уулыг нэг удаа тойроход 3 жилийн нас нэмдэг хэмээн итгэдэг. Богд хан уулын магтаалд “Өвөр талдаа хийдтэй, Өргөн их шажинтай, Махгалын шүтээнтэй, Манзушир ламын хийдтэй” хэмээн магтан дуулдаг.

 

Өөр нэгэн домогт, Манзушир ламтан Богд хан уулыг тойрч сан тавиад явж байтал одоогийн Манзуширын хийд байгаа газарт сангийн утаа нь эгц дээшээ хөөрч байв гэнэ. Түүнд ихэд бэлгэшээн газрын эзэн Цагаан өвгөн сахиусны хувилгаан хэмээгдэх Тулгат өвгөнд очиж газрыг нь гуйтал “өгөхгүй ээ, би энд өвөлжөөгөө барина” гэжээ. Манзушир ламтан хийд орон барих гэж байгаа тухайгаа учирлан нэлээд гуйтал “тэгвэл миний шав тавьсан газрыг олоодох” гэжээ. Манзушир ламтан мөнгөн тэвнэ дээш нь чиглүүлэн шидтэл туссан газар нь алтан зоос байгаад тэр зоосны нүхээр тэвнэ нь гарч зоогджээ. Тэгтэл Тулгат өвгөн “за Манзушир ламтан та энэ газрын эзэн нь мөн юм байна” хэмээн хүлээн зөвшөөрчээ.


Жасын тогооны тухайд...

Тус музейн зүүн талд 1726 онд аяганы дархан Жалбуу ах дүү нарынхаа хамт урлан бүтээсэн жасын том тогоо байдаг. Нэг удаа 1000 хүний хоол бэлтгэж болдог энэ тогооны амсар нь 215 сантиметр, гүн нь 140 сантиметр, багтаамж нь 1800 литр, хүнд нь 2 тонн ажээ. 1000 хүний хоол бэлтгэхэд нэгмөсөн 2 шарын мах буюу 10 гаруй хонины махыг чанахад 4 тэрэг түлээ түлдэг байжээ.


Аялал, жуулчлалын тухайд...

Байгаль, түүхийн онцлог бүхий энэ газрыг аялал, жуулчлалын чиглэлээр ажиллуулах саналыг Төв аймгийн тухайн үеийн удирдлагууд гаргаж хийдийн туурь орчинд 1993 онд "Байгалийн музей" байгуулсан байна. Үзмэрийг нь бүрдүүлэхэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Шагдарсүрэн, сэтгүүлч С.Сумъяа нар голлох үүрэг гүйцэтгэжээ.

Музейд бас нэг сонирхолтой үзмэр байдаг нь аймгийн музейн эрхлэгчээр олон жил ажилласан Г.Эрдэнэбат агсны бүтээсэн дуран юм. Энэ дурангаар харахад Манзуширын хийд эрт дээр үеийнх шигээ харагддаг нь гайхалтай. 1991 онд хийдийн туурин дээр аймгийн хөрөнгөөр Манзушир хутагтын сэрүүн лаврин сүмийг шинээр барьж, улмаар өргөтгөн 1993 онд музей болгожээ. Энэ музейг үүсгэн байгуулагчдын нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн агсны урласан байгалийн төрөл бүрийн зүйл ашиглаж хийсэн ховор бүтээлүүдээс гадна чихмэлийн мастер Л.Цэвэл гуайн хийсэн Төв аймгийн нутагт дэвсгэрт амьдардаг ховор ан амьтдын чихмэлүүд байгалийн музейн сан хөмрөгийг бүрдүүлдэг аж.


Уг музейн тасалбар нь 16 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй байх ба насанд хүрэгчдэд 2000 төгрөг байдаг. 2022 оны судалгаагаар тус музейгээр 23603 үзэгч үйлчлүүлсэн ба үүнээс 18767 хүүхэд, 4636 насанд хүрэгч зочилжээ. Манзушир хийдийг зорин ирсэн хүмүүсийн ихэнх нь байгальд амардаг, эсвэл явган алхалт хийдэг хүмүүс байдаг гэнэ.


Манзушир хийдийн тууриас Улаанбаатар хотын зах хэсэг хүртэл Богд уулыг давах алхалт хийвэл туулах замын байдлаас хамааран 14-17 орчим км замыг туулдаг аж. 2021 онд 7 км хатуу хучилттай автозамтай болсноор гадаад, дотоодын жуулчид ихээр зочлон, нутгийн иргэд алхалт хийж эрүүл мэнддээ анхаардаг болсон байна. Иймд тус байгалийн дархан цаазат газарт нэвтэрч буй явган зорчигчдыг бүртгэлжүүлэхэд хүндрэлтэй учраас машины томоохон зогсоолыг шийдвэрлэж, төлбөр хураах цэгийг байгуулж байгаа юм.

Одоо энэ орчинд аялал, жуулчлалын "Манзушир тур" бааз үйл ажиллагаагаа явуулдаг. Дулааны улиралд Манзуширын музей нь аялагч, жуулчдын хөл тасардаггүй газрын нэг болдог. Бурхны шашны монголжсон итгэл үнэмшил, соёлыг түгээх төв болж байсан Манзуширын хийд нь дэлхийн анхны дархан цаазат газар Богд хан уулыг онгон төрхөөр нь хадгалж, хамгаалж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.






Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин аялал жуулчлалын төв болгох зураг төслийг 2018 онд боловсруулжээ. Гэвч төсвийн хөрөнгө оруулалт шийдэгдэж чадахгүй өнөөг хүрээд байна.


Эх сурвалж: Төв аймгийн Музей, Төв аймгийн БОАЖГ, Монгол орны лавлах

Холбоотой мэдээ