СЭЛЭНГЭ: Онцгой байдлын бэлэн байдлыг улсын хэмжээнд жишиг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-01-25 12:02:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг нь гол ус, ой мод ихтэй нутаг. Энэ утгаараа үер ус, ой хээрийн түймэр зэрэг байгалийн хүчин зүйлсийн эрсдэл гарах магадлал их байдаг. Иймээс аймгийн удирдах баг бүрэлдэхүүн Онцгой байдлын албыг бэхжүүлэх тал дээр сайтар анхааран ажиллаж байгаа аж.

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын бэлэн байдлыг улсын хэмжээнд жишиг болгох ажлын эхлэлийг Цагааннуур сумаас эхлүүллээ.

Тухайлбал үр тарианы гол төв бүс болох Цагааннуур, ойн сангийн гол бүс нутаг Түшиг сумдыг онцлон анхаарлаа. Энэ нь нэг талаас аймгийн Онцгой байдлын газрын парк шинэчлэлтэд дэмжлэг үзүүлж буй явдал юм.

170 орчим сая төгрөгийн үнэтэй 4 ширхэг гал унтраах тусгай зориулалтын автомашиныг Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Хөтөл, Дулаанхаан тосгонд хуваарилан өглөө.   

Энэхүү санаачилгыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж дэмжин ажилласан байна.

Цагааннуур суманд гал унтраах техник байхгүйн улмаас өмнө нь 7-8 том хэмжээний галыг харж зогсож байгаад шатаасан тухай сумын иргэд ярилаа. Тодруулбал 2022 онд “Сэлэнгэ тариа”, 2023 он гарсаар “Гацуурт” зэрэг үр тарианы том компаниуд шатжээ. Иймээс тусгай зориулалтын гал унтраах автомашинтай болсноор гарсан гал түймрийг цаг алдалгүй унтраах боломж бүрдэж байгаа аж. Гал гарсан тухай бүрт аймгийн төвөөс тусламж дуудаж, ОБГ-ын алба хаагчид ирэх гэсээр хугацаа алдаж, бараг цаг орчмын хугацаа зарцуулдаг байсан хэмээн сумын Засаг дарга Ц.Баянбаатар хэллээ.


Дээрх асуудлыг шийдвэрлэснээр сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ