ОРХОН: Нутгийн удирдлагын ордны Хурлын танхимыг А.Амар сайдын нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-26 11:08:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар Нутгийн удирдлагын ордны Хурлын шинэ танхимын нээлт, А.Амар сайдын нэрэмжит болгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигийн дагуу Их Эзэн Чингис хааны эш хөргийг, билиг сургаалийнх нь хамт их танхимд заллаа.

Мөн хурлын танхимыг Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амарын нэрэмжит болгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Агданбуугийн Амарын нэрэмжит болгох тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат танилцууллаа.




Агданбуугийн Амар нь 1886 оны хавар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, Булган аймгийн Бугат сумын нутаг буюу одоогийн Орхон аймаг, Эрдэнэт хотын нутагт төрж, өссөн юм.

Тэрээр 1923-1924 онд Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл, сайд, 1924-1925 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1927 онд Дотоод яамны сайд, Эдийн засгийн тэргүүлэгч, 1928-1930 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж хөрш орнуудтай найрсаг харилцаатай байх, улс орноо батлах хамгаалах хүчийг зузаатгах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байсан ч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн юм. Түүнийг 1962 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр цагаатгаж байжээ.

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2013 онд Эрдэнэт хотын төв Найрамдал талбайг Агданбуугийн Амарын талбай болгон өөрчилж, түүний хүрэл хөшөөг Нутгийн удирдлагын ордны өмнө залж байсан. Тэгвэл аймгийн ИТХ-ын Ээлжит бус VII хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Нутгийн удирдлагын ордны их танхимыг Ерөнхий сайд Агданбуугийн Амарын нэрэмжит болгох түүхэн шийдвэр гаргалаа.


НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫГ 40 ЖИЛИЙН ДАРАА ӨРГӨТГӨЖ, ЗАСВАРЛАЛАА

Аймгийн Нутгийн удирдлагын ордон 1983 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ, өргөтгөл огт хийгээгүй байсан юм. Иймд өнгөрсөн онд засварын ажлыг эхлүүлж өнөөдөр ИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр ашиглалтад хүлээн авлаа.  Өргөтгөл, засварын ажилд 4 тэрбум төгрөг зарцуулж барилгын ажлыг “Тавин Лан” ХХК гүйцэтгэсэн байна.

 





Холбоотой мэдээ