Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс банк, санхүүгийн байгууллагуудаар шинэчлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-01-27 11:19:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хөрөнгийн зах зээлд банк, даатгал, санхүүгийн байгууллагууд тэргүүлэх нөлөө үзүүлж эхэллээ.


Үүнийг Монголын Хөрөнгийн биржийн голлох үзүүлэлтийг илэрхийлж байдаг ТОП-20 индексийн саяхан шинэчлэгдсэн бүтцээс харж болно. Энд багтаж буй 20 компанийн 50 хувийг санхүүгийн салбарынхан бүрдүүлж байна. ТОП-20 индексийн багцаас:

  • “Махимпекс”, “Би Ди Сек”, “Дархан нэхий”, “Лэндмин” ББСБ, “Талх чихэр” компаниуд хасагдаж,
  • “Голомт” банк, “Сэнтрал экспресс Си Ви Эс”, “Богд” банк, “Сэндли” ББСБ, Төрийн банк нэмэгдэн дан банк, санхүүгийн байгууллагууд хүч түрэн орж иржээ.



Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас их наяд төгрөгөөс дээш үнэлгээтэй хоёр хувьцаат компани байна. Тодруулбал, үндэсний үйлдвэрлэлийн тэргүүлэх ААН-ийн нэг “АПУ” болон “Голомт” банк 1.03-1.58 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ хоёр компанийн нийт зах зээл дэх хувьцаагаар илэрхийлэх үнэлгээ дээрх хэмжээнд хүрчээ.


Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр 2022 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд энд өмнө нь багтаж байсан 15 компани хэвээр үлдэж, шинээр орж ирсэн 5 нь банк, санхүүгийн байгууллагууд байна.


ТОП-20-ын индексийг “Үнэт цаасны үнийн индекс тооцох” журмын дагуу жилд нэг удаа бүртгэн шинэчилдэг талаар Монголын Хөрөнгийн бирж ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээллээ. Энд зах зээлийн үнэлгээ, тухайн компанийн үүргийн гүйцэтгэл, арилжааны идэвх болон олон нийтэд хувьцаагаа санал болгосон хувь хэмжээ зэргийг харгалзан үзэж ТОП-20 индекст багтах шалгуур болгодог байна. 

Холбоотой мэдээ