СҮХБААТАР: Музейн зарим содон үзмэрүүд

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-01-27 19:16:40

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музей 2000 гаруй үзмэртэй. Үзмэрийн тоо, чанар чансаагаараа улсдаа дээгүүр бичигддэг. Тус музейд хадгалагдаж буй зарим ховор сонин үзмэрийг танилцуулж байна.


Хирсний дунд чөмөгний яс

Халзан сумын иргэн С. Жамъяншарав нь энэхүү ясыг Халзан сумын Халзан шанднаас олж, 1979 онд Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд өгсөн байна.

Мөнгөн цөгц

Цөгцний суурийн доод ирмэгээр эвэр угалзан хээгээр чимэглэн гадуур нь хажиж эмжсэн. Суурийн гол хэсэгт давхар бад цэцгийг товойлгон урласан. Иргэн Н.Отгонбаяр 2008 онд музейд худалдсан.


Нохойн идүүр

Энэхүү идүүрийг модны үндсээр хийжээ. Модны үндсийг дөрвөлжин хэлбэртэй ухан нэг ч хадаас оруулаагүй ба хоёр талдаа өөрөөс нь ухаж гаргасан бариултай. Уулбаян сумын иргэн н.Алтанцэцэг 1954 онд музейд худалдсан байна.

Дөш

Энэхүү дөшийг Г.Гомбосүрэн 1997 онд музейд худалдсан. Төмөрлөгийг давтах, сунгаж хэлбэрт оруулах зэрэг олон үүрэгтэй дархны дөш нь дархан хүний хамгийн чухал багаж юм. Дөш нь толь, хацар, толгой, чих буюу эвэр, хөл зэргээс бүрддэг. Том хэмжээний булцгар дөшийг "Азарган дөш", суурьтай өндөр нарийн дөшийг "Гадсан дөш", ширээж хатаасан дөшийг "Ширмэл дөш" мөн дотроо эвэртэй, эвэргүй дөш, чихтэй, чихгүй дөш, тэгш нуруутай бөмбөгөр нуруутай гэх мэтээр нэрлэдэг.


Хос бариултай зэс данх

Бариулын угт сарьсан багваахай хээ, цоргоны үзүүр, уг хоёрт үүл болон угалзан хээ, данхны тагны ирмэгээр үүлэн болон эвэр угалзан хээн чимэгтэй. 1971 онд музейн сан хөмрөгт бүртгэгдсэн.


Чулуун зэвсгийн олдворууд

Янз бүрийн өнгө хэлбэртэй чулуун олдворууд. Хэлбэр хэмжээ өөр өөр. 18 ширхэг нь зэв хэлбэртэй. Үлдсэн чулуулгууд нь ялтас хэлбэртэй. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Устай Бургастайгаас олдсон байна.1958 онд Халзан сумын иргэн Жигжиднамхай музейд худалджээ.


Зэс войпор

ӨМӨЗХ-ны Шилийн гол аймгийн Авга хошуунд 1921 онд төрсөн Магсар овогт Шаравын хэрэглэж байсан эд. Н.Магсар нь Авга хошууны ноён байсан бөгөөд

1945 онд хошууныхаа ард иргэдийг дагуулан Сүхбаатар аймгийн Хонгор суманд ирж амьдарсан түүхтэй.

Үнсэн самбар

Есөн ширхэг модон хуудастай, суран уяатай үнсэн самбар. Бичгийн хэрэгслийн зориулалтаар ашиглаж байжээ.

Найман талт тунара

Их бие нь найман талтай, махир хүрэн өнгөтэй. Луун нүүртэй, нүд нь сул хөдөлдөг. Урт-14,5см өргөн-4,8см жин-55 грамм. 1972 онд музейн сан хөмрөгт бүртгэгдсэн.

Алтан медальт ооно

Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй энэхүү ооно нь чихмэлч н.Дагиймаагийн 1962 онд хийсэн бүтээл бөгөөд 1986 онд Болгар улсын Пловдив хотод зохион байгуулсан "Expo-81"-т оролцон "Болгарын гэрэлт үзэсгэлэн" алтан медалийг хүртжээ.

Төвд номын бар

Цагаан шаргал өнгийн чулуун дээр Төвд үсгээр товойлгон сийлсэн. Нэг эгнээ бичигтэй номын бар.1959 онд музейн сан хөмрөгт үзмэр болон бүртгэгдсэн байна.


Очиртой хонх

Хонх их бие, толгой, хэл, онгиос бүтдэг. Хонхны хэв загвар олон янз байхаас хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь хурлын хонх юм. Хурлын хонхны гаднах байдлыг ерөнхийд нь хээтэй буюу эрээн, хээгүй буюу цулгай гэж ангилна. Хээтэй хонхыг шарын шашны номын хуралд хэрэглэдэг бол хээгүй хонхыг гол төлөв зодоч, лүйжинч, нууц тарнийн ёсны нарийн увдисыг эзэмшсэн лам нар хэрэглэнэ. Энэхүү хонхыг Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жамсран цорж хэрэглэж байжээ.