Газрын хуулийг багцаар нь шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-30 08:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай таван багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажиллаж байна.


Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хуулийг 2002 онд баталсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэснээр нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагаа түргэн, шуурхай болох юм.


Иймд УИХ-ын даргын өнгөрсөн оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулж, 21 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан аж.


Холбоотой мэдээ