ОРХОН: Нийтийн тээврийн үйлчилгээнд 12 шинэ автобус үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-31 16:07:50
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг нийтийн тээврийн үйлчилгээндээ шинэчлэлт хийж HYUNDAI маркийн 12 шинэ автобусыг үйлчилгээнд гаргалаа. Үүний 10 нь нийтийн тээвэрт, хоёр нь сурагчдад үйлчилнэ.

Дээрх 12 автобусыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан 2.2 тэрбум төгрөгөөр авчээ. Эдгээр автобус гурван жилийн баталгаатай бөгөөд стандартын шаардлага хангасан хийц тохижилттой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

Ирэх сарын нэгнээс Орхон аймгийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд цахим карт ашиглана. Шинэ ирсэн автобуснууд ч цахим карт ашиглах зориулалттай юм.

Ташрамд хэлэхэд, нийтийн тээвэрт зорчих 10 автобусны тавыг нь ББ-ОД,  дөрвийг нь Тод од транс, нэгийг нь Автомастер ХХК-д эзэмшүүлэх гэрээ хийж хүлээлгэн өглөө. Учир нь нийтийн тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн байгууллагууд төртэй гэрээ байгуулан ажилладаг юм. Нөхөн төлбөрт нь жилд дунджаар нэг тэрбум орчим төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргадаг.

Орхон аймагт өнөөдрийн байдлаар хотын доторх нийтийн тээврийн зургаан чиглэлд гурван компанийн 24 автобус үйлчилгээ үзүүлж байна.

 

Холбоотой мэдээ