ХОВД: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-31 18:02:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр хуралдлаа.

Хурлаар өнгөрсөн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөл боловсруулан баталжээ.

Тус салбар зөвлөл нь 2022 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор 8 бүлэг бүхий 40 гаруй ажил, нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан бол энэ онд мөн 40-өөд ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

Салбар зөвлөлийн гишүүдийн зүгээс цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын эерэг үзүүлэлтийг бататган нэмэгдүүлж, иргэдийг соён гэгээрүүлэх, цахим гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, хулгайлах гэмт хэргийг бууруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах аж.

Мөн гэмт хэрэг, зөрчлийн гаралтаас шалтгаалан цаг үеийн шинжтэй хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд сум болон сургуулийн хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх хууль тогтоомж сурталчлах чиглэлд анхаарч, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулахаар зорьж байна.

Ташрамд,  тус салбар зөвлөл 2022 онд иргэн, хуулийн этгээдээс 4424 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс 936 буюу 21.1 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 3515 буюу 79.4 хувь нь зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл байжээ. Нийт шалгасан гомдол мэдээллийн 4410 буюу 99.6 хувийг шийдвэрлэсэн байна.

Мөн салбар зөвлөлийн гишүүн байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг зэрэг нийт 300 гаруй байгууллагыг удирдлага, зохион байгуулалтаар хангажээ.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал,  хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, цахим орчинд залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 250 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, давхардсан тоогоор 100 мянга орчим иргэнийг оролцуулахын зэрэгцээ 20 мянган ширхэг гарын авлага, тараах материал, зурагт хуудас, санамж, сэрэмжлүүлэг тараан ажиллажээ. Мөн цахим сүлжээгээр дамжуулан нийт 495.906 хүнд гэмт хэргээс сэргийлэх зөвлөмж мэдээлэл хүргэсэн байна. 


Холбоотой мэдээ