Монгол модон барын зурагтай ном

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-01 13:02:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Алшаа аймагт байдаг Эзнээгийн голын эрэг дэх Хар хотын тууриас одоогоос 40 орчим жилийн өмнө монгол модон бараар хэвлэсэн зурагтай номын тасархай олджээ. Хар хотоос олдсон бүх дурсгалаар БНХАУ 10 боть ном 2008 онд хэвлэжээ. Түүнтэй зэрэгцээд Япон улсад өвөр монголын болон японы монголч эрдэмтэд тэндээс гарсан монгол дурсгал голлосон судалгааны ном хэвлэсэн байна.


Япон, өвөр монголын монголч эрдэмтдийн гаргасан номын дараа БНХАУ 10 боть дээрээ 2012 онд нэг ном нэмж 11 боть болгосон байна. Нэмж хэвлэсэн ботийг ямар нэг судалгаагүй номын хэлбэрээр хэвлэжээ. Нэр бүхий улс орны эрдэмтэд монгол модон барын зурагтай ном олж илрүүлэн, хүч хөдөлмөр гаргаж олны хүртээл болгосон байх юм. Сүүлийн хэвлэсэн номын дунд элбэрэлт 4 амьтны үлгэрийг нүүр бүрийн дээд хэсэгт үйл явдлыг зурагчлан бүтээгээд доод хэсэгт нь тохирох өгүүлэмжийг монгол бичгээр оноон бичиж туурвиад модон барын аргаар сийлбэрлэн хэвлэсэн дардасны жижиг гагц тасархай оржээ. Харин том хуудаснуудын дундах хэдэн мөр бичигтэй тасархай тул ар өвөр тал хэддүгээр хуудас болохыг оноох байтугай багцаалах боломжгүй. Харин үлгэрийн үйл явдлаар хөөн үзвэл дундаасаа арай хойгуурх нүүр, хуудас гэж багцаалдах боломжтой. Түүнээс гадна цадиг үлгэрийн цоморлогийн нэгэн хэсэг ч байж болох аж. Түүний хэмжээ, хэлбэрийг тодруулбал уг дурсгалын үлдэгдэл олдворын цаасны өргөн А5 хэмжээтэй дүйхээр байгаа. Түүнийг манай өвөг дээдсийн уламжлалт хэмжээсээр "3 ямх зайд зураг, 5 ямх зайд бичиг, нийт 8 ямх өндөртэй бар гэдэг”-ээс өөр зүйл хэлэх боломжгүй гэсэн байх юм.


Уламжлал ёсоор бичгийн хэсэг нь өргөн нарийн давхар хүрээтэй, зургийн хэсэг нь дан өргөн хүрээтэй, тогтсон зуршлаар бичээсний барын хайрцгийг дотор хүрээ нь нарийхан дагнаас маягийн зураастай аж. Уг бичиг хоёр талаасаа уранхай үлдвэр тул дэвтэрчилсэн хэлбэртэй байв уу, сударчилсан хэлбэртэй байв уу гэдэг нь ч төдийлөн тодорхойгүй ажээ. Харин ерөнхий байдал төлөвийг ажихад сударчилсан хэвлэл, тохой орчим өргөн, их хөлгөн судар гэж багцаалдах боломжтой гэнэ.


Энэ олдвор дээр “Эвтэй дөрвөн амьтны үлгэрийн өчүүхэн хэсэг байгаа. Тухайлбал, Өөрийн өөрийн хүчин буюу, хэмээн сэтгэн буй. Магад бөгөөд хэний хүчин буй өгүүлэн соёрх хэмээв. Арш багш өгүүлэв. Энэ хэмээвээс эд бүгдийн хүчнээр болсон бус буй. Тийн бээр бөгөөс чиний улсад арбэн арбэн буй.  Тэднийгээ энэ бичвэр нь арван, дөрвөн гэж унших боломжтой үгс төгсжээ. Тухайн номыг нэг дороос олдсон Бумбын шашны номтой нь харьцуулахаар арай өөр ном гэдгийг таних боломжтой юм байна.


Эхлээд таних болов уу яадаг бол гээд ямар боловч унших оролдлого хийсэн гэнэ. Гэтэл олдвор дээр “эвтэй дөрвөн амьтны үлгэр”- ийн хэсэг байгааг таньсан гэж МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн багш Р. Отгонбаатар ярилаа. Учир нь Ганжуур Данжуурыг монгол хэлэнд буулгахаар ажиллаж байсан хэсэг залуус хэдэн жилийн өмнө эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Тэрбээр түүнд “Эвтэй дөрвөн амьтны тухай үлгэрийн шувууны нэрийн орчуулгын тухай” сэдэвт  илтгэл бэлтгэн хэлэлцүүлжээ. Энэ илтгэлдээ “Монголд одоо эвтэй 4 амьтны шувууны нэр чинь 10-аад болчихоод байгаа юм. Хүүхэд, олон нийтэд тагтаа гээд явж байна. Гэтэл судар бичгүүдэд Хойлог, Хахилаг Хөгөрзгөнө, Ногтруу, Ванминь гээд үргэлжилдэг. Уг нь нэг үлгэрийн нэг шувуу юм чинь нэг нэр байх ёстой. Үлгэрт гараад байгаа энэ шувуу бол Барнасын уул, өндөр Гимлайд байдаг тахианы төрлийн гүйдэг шувуу шиг байна. Төвөдөөр түүнийг Гомсэрэг гээд ганц нэр тавьжээ. Гэтэл манайхан эвтэй дөрвөн амьтны үлгэрийн шувууны нэрийг 5-10 болгожээ” гэсэн санааг дурдаж байсан байна. Ганжуур Данжуур дахь үлгэрийг судалсан хүний хувьд уг эхийг  таньж мэдэхэд амар хялбардуу байсан хэмээн нэмэлт тайлбар тэрбээр хийлээ.


Ер нь 2014 оноос хойш дээрх зурагтай номын тасархайг аль нэг монгол судлаач уншиж судалсан талаар ямар нэг мэдээ сэлт, аман яриа гараагүй. Тиймээс одоогоор дээрх зурагтай номын тасархайг таньж, уншсан Р. Отгонбаатар багшаас өөр хүн хараахан гараагүй байгаа бололтой. Тэгээд ч тэрбээр энэ олдворын талаар 2019 онд ямар номын тасархай, юу өгүүлж байгаа талаар “ Шинжлэх ухаан амьдралд” сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж байжээ.


Монгол модон барын зурагтай, бичвэртэй энэхүү номын тасархай дээр, хятад хэлээр ханзаар өгөө авааны баримт ноороглох хэлбэрээр давхар тэмдэглэл үйлдсэн байсан байна. Тэрхүү тэмдэглэлд Тогоонтөмөр хааны 30 дугаар оны 6 сард гэсэн байжээ. Энд бичигдсэн он сар нь 1370 оны орчимд таарна. Тэгэхээр энэ монгол модон барын тасархай, түүнээс заавал өмнө барлагдсан байж таарна гэдэг санааг Р. Отгонбаатар дэвшүүлсэн байх жишээтэй.


Эзэнт гүрний үед буюу Чингис хааны дараахан үед монголчууд модон бараар зурагтай ном хэвлэж байсан нь тодорхой байна. Энэхүү зурагтай номын хувьд Эвтэй дөрвөн амьтныг бүх үйл явдлыг дээгүүр нь зурж доогуур нь монголоор бичээд хэвлэж гаргасан болох нь батлагдах ажээ.


ОХУ-ын Санкт-Петрбургийн Их сургуулийн номын санд хадгалагдаж байгаа, Чойжи-Одсэрийн “Бурханы арван хоёр зохионгуй” хэмээх бүтээл эртний монгол зурагтай номын он цагийг тодорхойлж байсан байх юм. Энэ бүтээл нь модон барын бус, гар зургаар чимгэлсэн ганцхан ширхэг олдсон гар бичмэл. Монголч эрдэмтэн Вальтер Хайссиг өөр нэг  эх бичгийг Юань улсын үед хэвлэсэн. Гэхдээ хуучин номыг 1431 онд  дахин хэвлэсэн гэж дурджээ. Угтаа энэ ном нь хятад эхийн зарим хэсгийг буюу хөрөг зургийн тайлбарыг нь монгол болоод төвөд, самгард орчуулгатайгаар 15 дугаар зуунд ахин хэвлэсэн байжээ. Монгол модон бараар зурагтай ном хэвлэсэн нь 15 дугаар зууны  баримт гэрчтэй байж.


Хар хотын Монгол дурсгалыг эмхэтгэснээс эхлээд модон барын монгол зурагт номыг Юань улсын үе буюу 13 дугаар зууны эцэс, 14 дүгээр зуунаас эхэлсэн гэж үзэж болохоор болжээ. Зурагтай номын үсгийн хэлбэр дүрс, үсгийг сийлж барласан төлөв нь яах аргагүй их хаадын үеийн буюу 13-14 дүгээр зууны зааг үед хамаарах дурсгал хэмээн үзэх боломжтой ажээ.


Эртний монгол модон бараар хэвлэсэн судар номын тасархай гадаад орнуудын номын сан, архив, музейд хадгалагдаж байдаг юм байна. Ялангуяа манай эртний ном судрын чухал өв Англи, Франц, Герман, Орос, Хятад, Япон зэрэг хэдэн улсад хадгалагддаг байх аж. Эдгээр нь БНХАУ-ын Шинжаан уйгурын газар нутаг (Такламакан) элсэн цөл рүү шургаж орсон гол, ус бараадсан эртний Турфан, Дунхуан зэрэг хотуудын үлдэгдэл нуранги, суварга, сүм шүтээний ухсан малтсан малтлагаас голцуу олсон дурсгалууд аж. Тэндээс Монголоос гадна, Тангад, Хятад, Уйгар, Сансаргид, Төвөд гээд 20-30 бичиг үсгийн дурсгал, 20-30 хэлний ном олсон гэх юм билээ. Бусад хэл бичгийн зурагтай ном зөндөө гарсан. Монгол модон барын ном олдсон гэдэг. Гэхдээ тэндээс монгол модон барын зурагтай ном олдоогүй байна.


Хар хотоос олдсон монгол модон барын зурагтай номын тасархайн үсэг нь Турфан, Дунхуанаас олдсон 1305 оны “Бодисдаа заръя авадара” болон 1312 оны мөн номын тайлбарын хэвлэлийн барын үсэгтэй яг адилхан нэг сийлбэрчнийх байх гэмээр. Одоогийнхоор бол нэг хэвлэлийн газрын дэг сургуулиар бүтээгдсэн байх магадлалтай юм байна.


Монголчууд модон бараар ном хэвлэсэн 1000 жилийн түүхтэй гэж хэлж болно. Хэлэх бол нэг хэрэг. Харин түүнийг баримтаар нотлох орчим цаг хугацаа, эрдэм мэдлэг, хүч шавхсан нүсэр ажил гэдгийг дээр дурдсан зурагтай монгол модон барын номын тасархайг таньж гаргаж ирэхэд зарцуулсан хүч хөдөлмөрийг олон орны археологич, эрдэмтдийн хийж бүтээснээс харж болно.

Холбоотой мэдээ