Зэрэглэлдээ бус, Монголд шайбтай хоккейн ДАШТ болно гэдэг нь чухал

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2023-02-01 13:40:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөөс харах өнцөг нь энэ. Шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Степпе Арена” Мөсөн өргөөнд ирэх гуравдугаар сард болно.


Энэ нь өөрөө гайхамшиг. Яагаад гээч. Миний багад Монголд өвөл болдоггүй юм шиг загнадаг байв даа. Нийслэл хотынхоо хүрээнд тоолох хэдхэн газартай. Үнэндээ “Билэгтхүү” гэдэг мөсөн талбартай. Тэр нь тухайн үедээ од болсон хороололд байрлалтай. Бас нөгөө нь 20 дугаар сургуулийн хажууд. Өөр газар тэшүүр өмсөөд гулгаж байсныг санадаггүй ээ. Ийм л байлаа. Харин өнөөдөр өөр болж. Монгол Улс дэлхийн дэвжээнд нийцэх  Мөсөн ордонтой болжээ. Талархахаас өөр яалтай. Иймдээ ч дэлхийн дайдын тэмцээн уралдааныг авах хэмжээнд хүрч байна. Сая “Талын Монголын шоу”. Удахгүй бүр мэргэшээд шайбтай хоккейн ДАШТ. Яагаад Монголд гэж. Та нарт сонин байна уу. Тайлбар нь энэ.


Ази тивийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг “Степпе Арена”-д зохион байгуулахаар болжээ. Финланд улсад 2022 оны 6 дугаар сард болсон олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах шийдвэр гаргаж зарласан. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын  “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулахаар болсон юм. Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөнө. Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы ДАШТ-ийг 2023 онд зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм байна. Харин Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдаж шилдгүүдээ тодруулна гэж мэдээлж байна.


Олон улсын мөсөн хоккейн холбооны Ази Номхон далайн Стратеги төлөвлөлтийн бүлэг 2022 оны 10 дугаар сард Абу Даби хотноо гишүүн улс орнуудын холбоодын төлөөлөлтэй стратеги, улирлын бэлтгэл, үнэлгээ, зохицуулалтын талаар танилцуулсан хуралдааны үеэр Азийн залуучуудын хоккейн АШТ-ийг Монголд зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Манай улсад болох тэмцээнд Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ гэсэн есөн багийн 198 тамирчин өрсөлдөнө”” гэж мэдээлж байна.


Энэ талын мэдлэг дутуу тул АНУ-д амьдарч, ажиллаж байгаа Спортын сэтгүүлч анд руу холбогдож наад захын мэдээлэл авлаа. Тэрбээр “Хамгийн шилдэг багууд нь, нийт 16 баг топ дивизионд багтдаг. Үүний дараа дивизион 1-д багтах 12 баг бий. Девизон 2 нь ч мөн 12 багтай. Харин дивизион 3 нь 10 багтай. Манай улсад болох ДАШТ-ий дивизион 4-т Индонез, Филиппин, Кувейт, Монгол гэсэн дөрвөн баг багтана” гэсэн ерөнхий тойм өгөв. Нэгдүгээр эх сурвалж л даа. Хоёр дахь нь Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Олон улсын Хоккейн холбооны эксперт, ОУХМ А.Мэргэн “Манайхны хувьд Ази тив дотроо “Челленж кап” тэмцээнд оролцоод явдаг байсан. Маш олон шалгуур давж байж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрх авсан. Нийтдээ 80 гаруй шалгуур үүзүүлэлт давлаа. Наад зах нь л шайбтай хоккейн дасгалжуулагч, тэмцээнийг шүүж явуулах шүүгч гээд л эхэлнэ шүү дээ. Миний хувьд Монголоос анх удаа Олон улсын Хоккейн холбоонд зөвлөх хийж байгаа. ДАШТ-ийг Монголд авна гэхэд их дургүй байсан. Танай жаахан оронд ийм боломж байхгүй гэж шууд хэлэх хүн ч байсан. Үнэхээр их лобби хийж байж энэ удаагийн ДАШТ-ийг авлаа. Ерөнхийдөө 2 тэрбум гаруй төгрөг шүү. 1000 гаруй хүн ирнэ. Олон улсын Хоккейн холбооноос 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө орж ирнэ. Шайбтай хоккейн ДАШТ-ийг Монголд авахад гадныхан их дургүй байлаа. Тэр хэрээрээ их лобби орсон. Энд зөвхөн хоккейгоор биш, дагаад аялал жуулчлал гэдэг асуудал хөндөгдөнө. Ийм ДАШТ-ийг авахад 8 сая хүн дагаад орж ирнэ. Яагаад гэхээр тийм хүртээмжтэй ертөнцөд цацагдана гэсэн үг. Олон улсын Хоккейн холбоо 82 гишүүн оронтой. Түүн дотроо манайд болох ДАШТ-ийн гишүүн Индонез гэхэд 130 сая хүн амтай. Филиппин 110 сая,  хөрш ОХУ-тай дөхнө. ДАШТ-ийг гадаадад, өөр нутагт үзэхэд ямар зардал гарах билээ, тооцоод үзээрэй” гэсэн юм.


Харин гэртээ сууж байгаад, өөрийнхөө тааваар, олон улсын стандартад таарсан Мөсөн өргөөнд, яг хажуугаас нь хараад үзэх боломж бол арай өөр шүү. Арай л өөр мэдрэмж, бүр өөр өнцгийг харах болно шүү. 

Холбоотой мэдээ