Хархорум хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааг байгуулахаар шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-01 14:17:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шинэ Хархорум хотыг сэргээн байгуулахтай холбоотой хоёр шийдвэр гарсан байна.


Уг шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийв. Тэрбээр “Нэгдүгээрт, энэхүү ажлыг удирдан чиглүүлэх Үндэсний хороог байгуулахаар боллоо. Тус хороог салбарын сайд ахална. Үндэсний хороо нь салбар хоорондын уялдаа холбоог хангах чиг үүрэгтэй ажиллана. Мөн Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргааг байгуулахаар тогтлоо. Тус захиргаа нь мэргэжлийн удирдлага, зохион байгуулалт, менежментээр хангах, төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, мониторинг хийх үүрэг хүлээнэ. 


Өнөөдрийн шатанд инженер геодези болон газар хөдлөлтийн судалгааг хийж байна. Судалгаа дууссаны дараа хотын байршлыг тогтооно. Үүний дараа хот төлөвлөлтөө хийх юм. УИХ-аас саяхан гаргасан тогтоолын хүрээнд нэгдүгээрт байршил, хоёрдугаарт хот төлөвлөлт, гуравдугаарт хөрөнгийн эх үүсвэрийг татах ажлыг зохион байгуулна. Өнөөдрийн гарсан шийдвэрийн хүрээнд эдгээр ажлыг хариуцах бүтэц бий болж байна гэсэн үг юм. Одоогийн байдлаар, хэдэн барилга байгууламжтай хэдий тооны хороолол байх вэ, хэдэн хүн амтай хот байх вэ гэдэг дээр шууд хэлэх боломжгүй. Хот төлөвлөлт хийгдсэнээр энэ бүх асуудал тодорхой болно. Урьдчилсан байдлаар 500 мянган хүн оршин сууна гэсэн төсөөлөлтэй байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ