ХОВД: ОХУ-ын төлөөлөгчид орон нутагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-04 01:04:50

Ховд /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Алтайн хязгаарын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Шабанов Алексей Викторович Ховд аймагт ажиллалаа.


ОХУ -ын Алтайн хязгаарын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Шабанов Алексей Викторовичээр ахлуулсан ажлын баг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаатай уулзав. 


Уулзалтаар ОХУ, Монголын хамтын ажиллагааны гэрээг сунгах асуудлыг хэлэлцжээ.

Үүнтэй холбоотой Ховд аймгийн холбогдох албаны төлөөллүүдийг ОХУ-ын Алтайн хязгаарт бизнес төлөөллийн хамт айлчлахыг урив. Энэ нь зөвхөн гэрээг сунгахаас гадна хоёр улсын бизнес эрхлэгчдийг зуучлах, санал солилцох, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилготой.


Айлчлалын үеэр соёлын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах боломжтойг талууд онцоллоо.


Дээрх уулзалтын явцад Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хэлэхдээ:  өвхөн Ховд аймгийн хүрээнд бус баруун таван аймаг цаашлаад улсын хэмжээнд бизнес эрхлэгчдийг оролцуулах боломжтой.


Өргөн бүрэлдэхүүнээр бизнес эрхлэгчдийг авч очиход цаад талаас хамтран ажиллах бизнес түншүүдийг байлгах зэрэг зохион байгуулалтын ажил дээр илүү санаачлага гарган ажиллах саналтай байна" гэж онцоллоо.


Мөн анх 2013 онд зохион байгуулж байсан “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн хүрээнд хэрэгжүүлдэг “Great Altai” спорт аялал жуулчлалын наадмын зохион байгуулалтын асуудлаар ярилцсан байна. 


Тус үйл ажиллагаа нь Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан улсын дунд хоёр жил тутамд өрнөдөг. Энэ жил Монгол Улсад буюу Ховд аймагт зохион байгуулах ээлж ирж байгаа бөгөөд зохион байгуулалтыг дахин ярилцахаар болжээ. 


Холбоотой мэдээ