Манай улсад 7-8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-02-08 12:26:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн эх газрын газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн XX зуунд манай улсад 8 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 4 удаа, магнитуд нь 7 хүрч, эвдлэн сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа бүртгэгджээ.


Сүүлийн 10 жилд 260 мянга гаруй газар хөдөлснөөс 2 удаа 7 магнитудын хүчтэй, 7 удаа 6 магнитуд, 100 гаруй удаа 5 магнитуд, мянга гаруй удаа 4 магнитуд, 10 мянга гаруй удаа 3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.


Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн 50 гаруй жилийн судалгаагаар хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь 9-өөс дээш баллын бүсэд оршиж байна. Газар хөдлөлийн 7 ба түүнээс дээш балл бүхий бүс нутагт хүн амын 86 хувь нь амьдардаг. Хот байгуулалтын хувьд 6 ба тvvнээс доош баллд хамрагдаж байвал нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, 9 ба тvvнээс дээш баллын ангилалд тохиромж муу гэж vнэлдэг байна. Хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд манай орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал, тохиромж муу ангилалд дундаас дээш уулархаг нутаг Алтай, Хангай, Хан Хөхий, газар хөдлөлтөөс vvссэн гvн хагарлын дагуух газар нутаг хамрагддаг аж.


Газрын хөрсний хэв шинжээр Улаанбаатар хот газар хөдлөлтийн эрсдэл ихтэйд тооцогдоно. Нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар нийслэл орчмын 200 км хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлийн голомт, заримдаа 7.5 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтайг ОБЕГ мэдээлж байсан юм.


Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна. Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг.


Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан, нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал юм. Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөж, одоо хүртэл жилд 5 см /GPS-ийн хэмжилтээр тогтоогдсон/ хурдтайгаар хойш шахаж байдаг. Монголд тохиолдож буй том газар хөдлөлтүүд нь хойш шахаж буй дээрх хүчтэй шууд холбоотой аж.


Монгол орны хувьд газар хөдлөлийн чичирхийлэл мэдээлэх 25-26 станцыг 250-300 км зайтай байршдаг. Нийслэлийн эргэн тойронд 30 станц 60-70 км зайтай байрлан, 1-2 минутад мэдээлэл дамжуулдаг. Харин Япон улсад газар хөдлөлтийг мэдэрдэг 6-7 мянган станц 20 км зайтай байрлаж, хоорондоо хэдхэн секундэд мэдээлэл дамжуулдаг байна. 

Холбоотой мэдээ