Алматы, Бишкек хотууд агаарын бохирдлын эсрэг

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-02-08 21:05:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд хамгийн ихээр эрсдэл учруулж буй экологийн гамшиг болон хувирчээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын  мэдээллээр, жил бүр 7 сая гаруй хүн агаарын бохирдлын шууд ба дам нөлөөнд өртөн нас барж байна.


Ковидоос илүү хөнөөлтэй гамшиг

Ковидын халдварын улмаас дэлхий даяар 2 жилийн хугацаанд 5 сая гаруй нас барсан гэх тоотой харьцуулахад агаарын бохирдол бол цар тахлаас илүү хөнөөлтэй гай зовлон гэдэг нь харагдана. Өөр нэгэн ноцтой баримт гэвэл, тамхидалт нь хүний амьдрах хугацааг 1,92 жилээр богиносгодог бол агаарын бохирдлын улмаас хүний нас 2,2 жилээр богиносож байна. 


Дэлхий дээр амьдарч буй 10 хүн тутмын 9 нь хорт бодис агуулсан бохир агаараар амьсгалж байгаа бол 3 тэрбум гаруй хүн экологийн шаардлага хангахгүй түлш шатаадаг ахуйн зуухыг хэрэглэснээр эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна.


Үүний зэрэгцээ агаарын бохирдлын улмаас хөдөө аж ахуйн салбарт үр тарианы гарц муудах, хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж багасах, эрүүл мэндийн салбарын төсөв зардал нэмэгдэх гэх мэт сөрөг дагаврууд бий болсоор.  


Нарийн ширхэгт PM2.5 тоосонцрыг хүний үс ба элсний ширхэгтэй харьцуулсан нь 

Агаарын бохирдолтой тэмцэх талаар шуурхай арга хэмжээ авахгүй бол НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах нь бүү хэл тэдгээрийг хэрэгжүүлэхэд дөхөж очиж ч чадахгүй гэдгийг ДЭМБ-ын  Т.А.Гебрейесус анхааруулсан юм.


Дэлхий дахиныг нөмөрсөн гай гамшгаас хүн төрөлхтнийг аврахын тулд инженерүүд, зохион бүтээгчид ухаан бодлоо уралдуулж, эрх баригчид янз бүрийн зохицуулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирлээ. Гэвч агаарын бохирдлыг багасгах, арилгах төгс шийдэл олдоогүй хэвээр л байна.


Төв Ази дахь нөхцөл байдал

Манай улстай байгаль цаг уурын нөхцөл нь адил төстэй, социализмын замаар бидэнтэй хөл нийлүүлэн замнаж байсан,  хөгжлийн түвшнээр ойролцоо Төв Азийн улсууд ч мөн адил агаарын бохирдол хэмээх гамшигт нэрвэгджээ. Эдгээр улс асуудлыг шийдвэрлэхийн тулд олон аргыг туршиж, алдаа оноотой боловч шаргуу ажилласаар байна.


Киргиз. Төв Азийн том хотууд болох Алматы, Бишкек гэсэн хоёр хот өвлийн цагт өтгөн утаа манангаар бүрхэгддэг. Бишкек гэхэд агаарын бохирдлоор Энэтхэгийн Дели хотын дараа 2-т бичигдэж байсан удаа бий. Өвлийн цагт тус хотын агаарын чанар үлэмж муудаж, PM 2.5 тоосонцрын нягтаршлын хэмжээ зарим үед 500 мкг/м³ гэсэн аймшигт үзүүлэлтэнд хүрдэг гэнэ. Гэтэл бохирдлын хэмжээ 10-35 мкг/м³ байх үед агаарын чанар хэвийн байна гэж үздэг. 


Тус улсад Зөвлөлтийн үеийн технологиор баригдсан, нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд өнөөдрийг хүртэл ажилласаар байгаа нь агаарын бохирдлыг үүсгэх гол шалтгаануудын нэг болж байгаа ажээ. Үүний дээр хувийн байшингуудад хуучирсан зуухнууд ашиглаж, хотын иргэд хорт утаа ихээр ялгаруулдаг хуучин автомашинаар зорчиж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.


Бишкек хотод 500 мянган автомашин бүртгэлтэй байгаа нь 2 оршин суугч бүрт нэг автомашин ногдож байна гэсэн үг бөгөөд  ихэнх нь Европоос оруулж ирсэн хуучин машинууд юм. Автомашин эзэмшигчид К-2 ба К-3 ангиллын чанар муутай бохир түлш хэрэглэдэг нь агаарын чанарыг доройтуулахад улам нэрмээс болдог. Одоогоор тус улс түлшний шинэ стандартад шилжиж, Оросоос бензин, дизель түлш худалдан авах асуудлыг судалж байгаа аж.


Зургийн тайлбар: 1980-иад оны үеийн Фрунзе хот /одоогийн Бишкек/.


Агаарын бохирдлыг багасгахын тулд Бишкек хотын захиргаа иргэдэд хандан хатуу түлшнээс татгалзахыг уриалж байгаа боловч төдийлөн амжилт олсонгүй. Сүүлийн жилүүдэд Оросын “Газпром” компани айл өрхүүдийг газжуулах ажлыг гүйцэтгэж байгаа боловч олон дүүрэг хий дамжуулах дэд бүтцэд холбогдоогүй хэвээр байна.


Агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол айлуудын орон сууцыг хийн галлагаатай зууханд шилжүүлэх явдал мөн гэж ихэнх шинжээчид үздэг. Харин зуухан галлагааны талаар мэргэшсэн олон  улсын мэргэжилтэн Криспин Пембертон-Пигот-ын үзэж байгаагаар, хийн дэд бүтэц байгуулахад удаан хугацаа шаардлагатай, нөгөөтэйгүүр, хий бол нүүрснээс хамаагүй илүү  үнэтэй түлш учраас ийм төслийг хэрэгжүүлэх нь өртөг өндөртэй. Гэр орноо дулаацуулахын тулд нүүрсээр галлах нь хийн түлш хэрэглэснээс 3 дахин хямд тусдаг.


Ийм учраас айл өрхүүдийг хэмнэлттэй, экологийн хувьд цэвэр халаалтын зуухаар хангах, мөн хана, тааз, шалыг нь дулаалах замаар хувийн байшингуудыг эрчим хүчний хэмнэлттэй болгоход чиглэсэн хоёр төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлын асуудлыг шийдэхээр оролдож байна.  

Зураг дээр одоогийн Бишкек хот.


Эхний төслийн хүрээнд бага орлоготой айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй шинэ зуухтай болгосноор ердийн зуухтай харьцуулахад хэд дахин илүү хэмжээний дулаан ялгарахын зэрэгцээ яндангаас гарч буй утааны хэмжээ 10 дахин багасч, 40 хувиар бага түлш хэрэглэж байна. Жишээ татахад, Чуй мужийн нэгэн гэр бүл шинэ зуухтай болсноор өдөрт 40 кг нүүрс хэрэглэдэг байсан нь 13,5 кг болж 66 хувиар буурчээ.


Нөгөөтэйгүүр, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Тогтвортой эрчим хүчийг санхүүжүүлэх /Kyrseff/ хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхийн тулд дулаан тусгаарлагч материалуудаар дулаалга хийж, дулааны алдагдалгүй цонх суурилуулснаар айл өрхүүдийн нүүрсний хэрэглээ 2 дахин буурчээ.  


Өдгөө Киргизийн эрх баригчид агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн туршлага хуримтлуулсан Орос улсаас дэмжлэг авахыг чухалчилж байна. Тухайлбал, нүүрсээр ажилладаг Бишкекийн ДЦС-ыг хийгээр ажилладаг болгох, хувийн орон сууцуудыг газжуулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг хийгээр ажилладаг автобусаар солих, түүхий нүүрснээс шахмал түлшинд шилжих зэрэг ажлуудыг Оросын тусламжаар хийхээр төлөвлөсөн ба одоо хийж байна. Ташрамд дурдахад, манай Улаанбаатарт сайжруулсан шахмал түлшийг амжилттай хэрэглэсэн туршлагыг бишкекчүүд сонирхдог гэнэ.  Түүнээс гадна, Оросын компаниуд шахмал түлшийг Европ руу их хэмжээгээр экспортолдог байсан бол одоо барууны хоригт орсноор Киргиз болон Төв Азийн бусад улсын зах зээлийг сонирхох нь лавтай.


Казахстан

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс Ерөнхийлөгч Токаев үг хэлэхдээ, Казахстан улс ашигт малтмалын салбараас ихээхэн хамааралтай байгаа хэдий ч 2030 он гэхэд хүлэмжийн хийн хаягдлын хэмжээг 15 хувиар бууруулж, 2060 он гэхэд нүүрстөрөгчөөс ангид эдийн засагт шилжинэ гэж мэдэгдлээ. Мөн засгийн газраас экологийн гамшиг, ялангуяа агаарын бохирдолтой тэмцэхэд чиглэсэн “Шинэ замын зураг”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Тус улсын парламент Экологийн шинэ журмыг /кодекс/ баталлаа.


Мөн 2020-2026 он хүртэлх хугацаанд 2 тэрбум мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж, агаарын бохирдлыг бууруулах технологид дорвитой хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.  


Экологийн шинэ журмын дагуу, хүрээлэн буй орчинд учруулж буй хөнөөлийг хамгийн бага хэмжээнд байлгахын тулд үйлдвэр аж ахуйн газрууд инновацийн технологийг ашиглах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг.


Журамд тусгасан өөр нэгэн чухал заалт бол, үйлдвэр аж ахуйн газруудаас агаарыг бохирдуулсныхаа төлөө орон нутгийн төсөвт төлж буй мөнгөний ашиглалт юм. Өмнө нь уг төлбөрийн мөнгийг хот, дүүргүүдийн бусад хэрэгцээнд зарцуулж, ердөө 45 хувийг нь агаарын бохирдолтой тэмцэхэд зориулж байсан бол одоо бүх мөнгийг агаарын чанарыг сайжруулахад зарцуулна.


Алматы хот агаарын бохирдлын эсрэг

Казахстаны хамгийн том хот, “улсын өмнөд нийслэл” гэгддэг Алматы нь уулсаар хүрээлэгдсэн хонхор хотгор газарт байрладаг бөгөөд 19-р зууны эхээр хотын төлөвлөлтийг анх хийхдээ “уулнаас үлээж буй салхи нь гудамж талбайн агаарыг бүрэн цэвэршүүлнэ” гэж тооцжээ. Гэтэл 21-р зууны эхээр тэнгэр баганадсан өндөр барилгууд олноор баригдсан нь агаарын урсгалыг бүрэн хаажээ. Өндөр уулсаар хагас буюу бүрэн хүрээлэгдсэн  Улаанбаатар, Алматы, Бишкек хотуудын агаар мандлын чөлөөт сэлгээ бүрэн ба хагас хаалттай явагддаг учраас агаарын бохирдол ихтэй байдаг.


ДЭМБ-аас тогтоосон стандарт хэмжээгээр бол, агаар дахь нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрын жилийн дундаж хэмжээ 10 мкг/м3, хоногийн дундаж хэмжээ 25 мкг/м3-аас хэтрэхгүй байж ёстой. Гэтэл Алматы хотын зарим дүүрэгт галлагааны улирлын үед агаарын бохирдлын түвшин ДЭМБ-ын стандартаас 10 ба түүнээс олон дахин давж байна.


Утааны шүүлтүүргүй, хэт олон хуучин автомашинууд ба ДЦС, бусад үйлдвэр аж ахуйн газруудаас ялгарч буй утаа нь агаарын бохирдлын 87 хувийг үүсгэдэг ажээ.


Үүнийг багасгахын тулд Алматы хотын захиргаа 2009 оноос иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлж иржээ. Хөтөлбөрийн хүрээнд том хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдэд ногдуулах татварыг нэмэгдүүлсэн нь үр дүнгээ өгсөн бол автомашинуудыг био түлшинд шилжүүлэх, үйлдвэрийн газруудыг хийн түлшинд шилжүүлэх зорилтууд хэрэгжсэнгүй.

Алматы хот 

Гэхдээ үйлдвэрийн газруудад хийж буй мониторингийг сайжруулж, экологийн татвар ногдуулж, нарны зай хураагуурын хэрэглээг дэмжиж, зарим үйлдвэрийг хотоос гаргаснаар агаарын чанар илт сайжирсан байна. Казахстаны Цаг уурын албаны мэдээллээр, Алматы хотын агаарын бохирдлын индекс 2007 онд 12,6 гэсэн үзүүлэлттэй байсан бол 2017 онд 6 болж буурчээ. 


2020 оноос эхлэн хотын захиргаа нүүрсээр ажилладаг ДЦС-2-ыг хийн түлшинд шилжүүлэх ажлыг дахин сэргээж, ТЭЗҮ-г боловсруулсан бөгөөд уг асуудлаар нийтийн сонсгол хийж, эцсийн шийдвэрийг гаргасан байна. Мөн айл өрхүүдийн галлагааг хийн түлшинд шилжүүлэх ажлыг сэргээв. Түүнчлэн нийтийн тээвэрт газаар ажилладаг автобусууд, цахилгаан автобусуудыг нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжиж байна. 


Үүний зэрэгцээ Алматы хотын агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Хотын туршилтын сангийн /City Experimental Found – CEF/ төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.


Агаарын чанарын талаарх өгөгдлүүдийг цуглуулах, тэдгээрт дүн шинжилгээ хийдэг Экологийн мэдээллийн төвийг байгуулах эрмэлзэл бүхий хүмүүсийн хүчин чармайлтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Акселератор Лаборатори дэмждэг. Казахстаны инновацийн багийнхан хязгаарын тооцоолол /edge computing/, нейроны сүлжээ ба зайны зонд судалгааны тусламжтайгаар бие биенийхээ оруулсан мэдээллийг баяжуулдаг. Экологийн мэдээллийн төв нь хамгийн сүүлийн үеийн технологиудын тусламжтайгаар хиймэл дагуулын гэрэл зургууд, мэдрэгчүүдээс ирсэн өгөгдлүүд, тээврийн урсгалын талаарх мэдээлэл зэргийг хүлээн авдаг. Тус төв бол агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төр засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, олон нийтийн төлөөлөгчдийн хүчин чармайлтыг  нэгтгэдэг шинэ платформ юм.


Түүнчлэн агаарын чанар, улс орны экологийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн шинэ санаа оноог хуваалцах боломжийг иргэдэд олгоно.  Бодит цагийн горимоор мэдээлэлд нэвтэрч, олон нийтийн төлөөлөгчдийн дэвшүүлж буй санал санаачилга, шинэ санаанд краудсорсинг хийснээр агаарын чанарын талаарх мэдээллийг төр засгийн төлөөлөлд дамжуулж, шийдвэр гаргахад ашиглах боломжтой.  

Холбоотой мэдээ