ДУНДГОВЬ: "Ном хандивлах сайхан" аяны хүрээнд 900 гаруй ном цуглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-13 12:02:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнийн санаачилгаар С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сангаас “Ном хандивлах сайхан” аяныг өрнүүлж, байгууллага, иргэд, хүүхэд залуучууд аянд нэгдэж байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Иргэдийг соён гэгээрүүлэх” зорилтын хүрээнд сумдын номын сангийн фондыг нэмэгдүүлэх, хөдөөгийн иргэдийг номоор дамжуулан хөгжүүлэх зорилгоор тус аяныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотоос эхлүүлжээ.



Хүн бүрд ном худалдан авч унших, түүнийгээ хадгалах боломж байхгүй. Тиймээс иргэд номын сангаас хүссэн номоо авч унших сонирхол ихтэй байдаг ба номын сан тогтмол фондоо шинэчилж, баяжилт хийж байх зайлшгүй хэрэгцээтэй байдаг. Харин сумдын номын сангийн фондыг өргөжүүлэх зардалд жил бүр төсвөөс 60000-65000 төгрөг хуваарилдаг байна.

Төсөв бага учраас номын фондоо нэмэгдүүлэх боломж сумдад байхгүй хэдий ч иргэдэд худалдан авч өөрөө уншчихаад хэрэглэхгүй байгаа ном олон байгааг аяныг санаачлагчид олж харжээ.

Үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд “Нэг чихэр-нэг ном”, “Нэг алба хаагч-нэг ном”, “Танд ойрхон номын үйлчилгээ”, “Хамгийн сайхан өглөг бол номын өглөг” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж, төр, ТББ, хувийн хэвшил, иргэд, хүүхэд залуучууд сэтгэлээрээ оролцож байгааг зохион байгуулагчид онцоллоо.  

“Ном хандивлах сайхан” аяны хүрээнд 900 гаруй ном цуглажээ. Эхний ээлжинд 1000 ширхэг ном бүрдүүлж, Өлзийт сумын номын санд хүлээлгэн өгөх ба цаашид Дундговь аймгийн 15 суманд ном хандивлах аяныг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.  



Энэхүү үйл ажиллагааны ач холбогдлын талаар аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнээс тодруулахад “Маш олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт: номоор дамжуулж бусдад нөлөөлж, соён гэгээрүүлэх; хоёрдугаарт: цахим орчноос хүүхдүүдийг ангижруулж, номноос ухаарал авдаг болгох; гуравдугаарт: номын сангийн үйл ажиллагааг дэмжиж сурталчлах; дөрөвдүгээрт: өөрт байгаа номыг бусдад түгээж, бусадтай хуваалцах тэр холбоосыг үүсгэж, номны үнэ цэнийг иргэдэд ойлгуулах гэх мэт.

Түүнээс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдын Соёлын төвүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна. Цаашид цахим номын санг хөгжүүлэх, төв номын сантай холбох зэргээр хамтран ажиллана” гэлээ. 




Холбоотой мэдээ