ШЕЗ: Шүүгчид нөлөөлөх оролдлого зонхилон гарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-02-14 12:49:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шүүхийн хараат бус байдал, нөлөөллийн мэдүүлгийн шийдвэрлэлтийн талаар танилцууллаа.


2022 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт 15 нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаараа хэлэлцэж, тухайн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэл нь зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Үүнээс 9 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг шийдвэрлэж, 6 нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдэлд шалгах ажиллагаа явагдаж байна.


Шийдвэрлэсэн 9 мэдүүлгийн хувьд, 4 нөлөөллийн мэдүүлэгт Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан, нэг нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, нэг нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. Харин гурван нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн шүүгчид нөлөөлсөн этгээдэд Зөрчлийн туха хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгож шийтгэжээ.

Хэвлэлийн хурлын үеэр ШЕЗ-ийн мэдээлэл технологийн газрын дарга Э.Амарсанаа, сүүлийн үед шүүгч, шүүхийн бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулан олон нийтийн цахим хуудаст ажил хэргийн нэр хүндэд нь халдах, илт худал мэдээлэл түгээх, гүтгэх, доромжлох, заналхийлэх оролдлого зонхилон гарч байгааг онцолсон юм. Мөн хуралдааны явцад шүүх хуралдааны дэг зөрчих, хуралдаан даргалагчийг доромжлох, өөрт таалагдаагүй шийдвэр гаргасан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана, хэргийн талаар олон нийтэд мэдээлнэ гэх мэтээр дарамтлах зэрэг арга хэлбэрээр шүүгчид нөлөөлөх, хараат бус байдалд нь халдах оролдлого зонхилон гарч байгааг мэдээлэв.



Холбоотой мэдээ