БНСУ-ын баруун өмнөд нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНСӨҮЛ. /Yonhap/.
БНСУ-ын баруун өмнөд нутгийн Синан тойргоос
өвсөн тэжээлт үлэг гүрвэлүүдийн чулуужсан өндөг олдсон талаар судлаачдын баг
бямба гарагт мэдээлжээ.
Өдгөөгөөс 10 гаруй
жилийн өмнө энэ нутгийн орчмоос махан идэшт үлэг гүрвэлүүдийн үлдэгдэл илрүүлж
байжээ. Махан идэшт болон өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн чулуужсан өндөг ижил
газраас олдох нь тун ховор тохиолдолд тооцогддог байна.
Чоннам их
сургуулийн Үлэг гүрвэл судлалын төвөөс мэдээлснээр, Өмнөд Жёлла мужийн Синан тойргоос
олдсон үлэг гүрвэлийн дөрвөн өндөг маш сайн хадгалагдсан байсан бөгөөд өндөгний
100 гаруй хэлтэрхий олдсон байна. Мөн тус газраас үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ.
Нэмэлт судалгаагаар
олдворуудын зарим нь өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн том өндөгнийх болохыг тогтоосон
бөгөөд үлдсэн хэсэг нь ургамал иддэг жижиг үлэг гүрвэлүүд эсвэл шувуудынх
байсан хэмээн таамаглаж байна.
Сүүлийн олдворуудыг
2009 онд махан идэшт үлэг гүрвэлүүдийн чулуужсан үүр олдсон газраас ердөө 100
орчим метрийн зайд хийсэн малтлагын үеэр илрүүлжээ. Тэдгээр олдворын аль аль нь
ижил чулуулгийн давхаргаас олдсон учир нэг үеийнх гэж таамаглаж байгаа аж.
“Үлэг гүрвэлүүд
өөрсдийн нутаг дэвсгэрт өндөглөж үржих хандлагатай байдаг тул өвсөн тэжээлт
болон махан идэшт үлэг гүрвэлийн олдворууд нэг газраас олдох нь маш ховор тохиолдол юм” гэж Үлэг
гүрвэл судлалын төвийн дарга Ху Мин ярьж байна.