“Монголын өдрүүд” арга хэмжээг ирэх сард Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катар Улсын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 22-нд барив.
Элчин сайд П.Сэргэлэнг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай холбогдуулан Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд П.Сэргэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Эмирт уламжлаад, Монгол, Катарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, соёл, спорт, аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.
Тэрээр энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг онцлоод, энэ хүрээнд Монгол Улсаас Катарт дээд, өндөр түвшний айлчлалыг хэрэгжүүлэх, ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Монголын соёл урлагийн тоглолт, бизнес форум, загварын шоу бүхий “Монголын өдрүүд” цогц арга хэмжээг Доха хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Тани Элчин сайдыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Элчин сайдын хариуцлагатай албандаа орж байгаад баяр хүргээд, хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт хөгжүүлэх Элчин сайдын үйлсэд Катар Улсын Засгийн газар бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.