ДУНДГОВЬ: "Иргэдийн төсөв"-ийг анх удаа боловсруулан гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-01 10:33:28
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж, ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх” нь буюу МАСАМ-2 төслийн хүрээнд Дундговь аймгийн ЗДТГ-аас 2023 оны “Иргэдийн төсөв”-ийг боловсруулан гаргалаа.

Иргэдийн төсөв нь төсвийг иргэдэд энгийн ойлгомжтой хэлбэрээр танилцуулж, улмаар төсвийн төлөвлөлтөд тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд тус аймгийн хувьд иргэний төсвийг анх удаа ийнхүү боловсруулан гаргасан нь онцлог юм.

Төрийн болон орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах хөрөнгийг төсөв гэх ба Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, НДС-ийн төсөв, ирээдүйн өв сангийн төсөв, ЭМДС-ийн төсөв, орон нутгийн төсвөөс бүрддэг.

Орон нутгийн төсөв татварын болон татварын бус орлогоос бүрдэнэ. Харин татварын орлого нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувь, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласан усны төлбөр, өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 20 хувиас бүрддэг аж.

2023 оны орон нутгийн төсвийн нийт орлого 22,509.4 сая төгрөг байгаа ба үүнд аймгийн төсвийн орлого 2,635.8 сая, сумын төсвийн орлого 9,581.2 сая, бусад орлого 10,292.4 сая төгрөгөөс бүрдэж байна.

Түүнчлэн улсын төсвөөс 14,132.3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож байгаа ба ОНХС-ийн орлогын шилжүүлэг 9,815.9 сая төгрөг байгаа юм. Ингээд аймгийн төсвийн нийт орлого 46,457.6, нийт зарлага мөн тийм хэмжээтэй батлагджээ.

Түүнээс Орон нутгийн төсвийн урсгал зардал 28,150.6, хөрөнгийн зардал 2,995.5, ОНХС-ийн зардал 15,311.5 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн байна.



“Иргэдийн төсөв-2023” эмхэтгэлд төсвийн тухай ойлголт, орон нутгийн төсөв, төсвийн задаргааг энгийн ойлгомжтой хэлбэрээр танилцуулсны дээр ОНХС-ийн хөрөнгөөр хийх төсөл, хөтөлбөрүүдийг сум сумаар нь харуулсан тул төсвийн тухай бүрэн мэдээлэлтэй товхимол болжээ.

Энэ тухай аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төр, иргэдийн хооронд бат бэх түншлэлийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Татвар төлөгч иргэн таны болон аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн үр шимээс хүртэж байгаа төсвийг чухам юунд зарцуулж, ямар үр дүнд хүрэх талаар нээлттэй мэдээлснээр иргэдийн төсөв боловсруулах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх, цаашид төлсөн татвараа хэрхэн зарцуулж буйд хяналт тавих боломж бүрдүүлэх юм.

Төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог хангах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан эмхэтгэлийг боловсруулахад санаачилга гаргасан МАСАМ-II төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье” гэв.

МАСАМ II төслийн Дундговь аймагт “Гэрэлтдэг ертөнц” ТББ хэрэгжүүлж байна. 



Холбоотой мэдээ