Хятадын цэргийн шинэчлэл нэг ч улсад аюул учруулахгүй гэж мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-04 15:56:02

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Ардын чөлөөлөх армийн шинэчлэл нь дэлхийн нэг ч улсад аюул занал учруулахгүй гэж Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын 14 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы албан ёсны төлөөлөгч Ван Чао өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. 


“Хятад улсын ирээдүй бүх дэлхийн нийтийн ирээдүйтэй нягт холбоотой. Хятадын цэргийн шинэчлэл нь нэг ч улс оронд аюул занал учруулахгүй бөгөөд харин эсрэгээрээ бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн энх тайвныг хамгаалах хүчтэй хүч юм” гэж тэрбээр хэлсэн байна. 


Түүний хэлснээр, аюулгүй байдлын салбарт тулгарч буй сорилтууд батлан хамгаалахын салбарын төсвийг өсгөхөөс аргагүйд хүргэж байна. "Цэргийн зардлыг нэмэгдүүлэх нь аюулгүй байдлын нарийн төвөгтэй сорилтод хариу арга хэмжээ авах, түүнчлэн томоохон гүрний үүргээ биелүүлэх хэрэгцээ шаардлагаас үүдэлтэй" гэж тэрбээр хэлэв. 2023 онд БНХАУ-ын батлан хамгаалах салбарын төсөв хэр нэмэгдэх талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Ван Чао, Хятадын ДНБ-д эзлэх цэргийн зардлын хувь олон жилийн туршид "үндсэндээ тогтвортой" хэвээр байна хэмээн тэмдэглээд тодорхой тоо хэлээгүй байна. Түүний хэлснээр, Хятадын батлан хамгаалахын төсөв дэлхийн дундаж үзүүлэлтээс доогуур бөгөөд нэмэгдэх хурдац нь харьцангуй аядуу, боломжийн байна.


2022 онд Хятад улс батлан хамгаалах салбарын зардлаа 7.1 хувиар нэмэгдүүлж, 1.451 их наяд юань (мэдээлэл нийтлэгдэх үеийн валютын ханшаар 229.07 тэрбум орчим ам.доллар) болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлж байв. 2021 онд тус улс энэ зардлыг 6.8 хувиар нэмэгдүүлж, 1.356 их наяд юаньд (209 тэрбум орчим ам.доллар) хүргэжээ.


Хятад улс цэргийн төсвийнхөө талаарх албан ёсны тоо баримтыг ихээхэн дарж мэдээлдэг бөгөөд бодит хэмжээ нь 25-50 хувиар их байж магадгүй гэж Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн зэрэг олон улсын байгууллагууд үздэг. Шинжээчдийн үзэж байгаагаар, нийтлэгдсэн мэдээлэлд маш чухал зүйлүүд, тухайлбал, стратегийн хүчинд, батлан хамгаалахын шинжлэх ухаан, техникийг хөгжүүлэхэд, гадаадаас зэвсэг импортлоход, түүнчлэн Ардын зэвсэгт цагдаа (дотоодын цэрэгтэй адил) болон бусад хагас цэрэгжүүлсэн зэвсэгт бүрэлдэхүүнд зарцуулсан зардал гэх зэрэг чухал зардлууд, мөн цэргийн хэрэгцээнд зориулах муж орон нутгийн удирдлагуудын зардлын талаар ордоггүй байна. 


Холбоотой мэдээ