Б.Жавхлан: 51 бүтээгдэхүүнд импортын татварыг шат дараатай нэмэх асуудлыг ярьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-06 15:14:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрөгч баасан гарагт Төрийн ордонд “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” болсон. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлангаас ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд олгох санхүүжилтийн хэмжээ болон ойрын хугацаанд хийх ажлын талаар тодрууллаа.


Тэрбээр энэ тухайд “Сүүлийн жилүүдэд ХХААХҮЯ-ны урсгал зардал 150-200 тэрбум төгрөгт эргэлдэж ирсэн. Өнгөрсөн жил тус салбарт 210 тэрбум төгрөгийн урсгал зардал тусгагдсан бол энэ жил 410 тэрбум төгрөг тусгасан буюу үндсэндээ 2 дахин нэмэгдсэн. Үүн дотроо ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор УИХ-ын 36 дугаар тогтоолд тусгагдсаны дагуу 223 орчим тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг тусгасан гэсэн үг. Энэ нь 70 гаруй төрлийн бүлэг задаргаатай байх юм. УИХ-ын 36 дугаар тогтоолоор бол хүнс, хөдөө аж ахуйн салбарт ирэх таван жилийн хугацаанд олгогдох төсөв 1.7 их наяд төгрөг байх юм. 


Бид өмнөх жилүүдэд хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хамгийн их дэмжлэг үзүүлж ирсэн. Одоо бол зах зээлийг нь дэмжих шаардлагатай болсон. Ингэхийн тулд импортын бараа бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнд байлгаж, дунд хугацаанд бодит дэмжлэг үзүүлнэ. Одоогийн байдлаар, ХХААХҮЯ-тай хамтарч 23 нэр төрлийн нийт 51 бүтээгдэхүүнд импортын татварыг ойрын 3 жилд шат дараатай нэмэх асуудлыг ярьж буй. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд эл асуудлыг оруулахаар төлөвлөж байна. УИХ-ын чуулган эхлэхээр эл асуудлыг өргөн барина.


Өөрөөр хэлбэл, өмнө нь олон жил хэрэгжүүлж ирсэн хүүгийн татаас, тоног төхөөрөмж гэх мэт дэмжлэгээс ангижирч, зах зээлээр нь дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ” гэлээ.


Холбоотой мэдээ