ТӨВ: “Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-03-10 14:57:17

Зуунмод /МОНЦАМЭ/ Төв аймгийн Нийтийн номын сангаас “Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн уралдааныг өнөөдөр зохион байгууллаа.

Тус уралдаан нь 2016 оноос хойш 7 дахь удаагаа болж байгаа бөгөөд энэ жил Төв аймгийн 8 сумын 8-12-р ангийн 31 сурагч хамрагдлаа.


Энэхүү уралдаан нь яруу найргийн авьяастай, уран үгийн ертөнцөд өөрийн билэг оюуныг сорих, яруу найраг, шимтэн сонирхож уран унших, зохион найруулах, авьяас чадварыг урамшуулах, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэх шинээр төрж буй залуу авьяастнуудыг чадавхжуулах зорилготой юм. Түүнчлэн Төв аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн шүлэг яруу найргийг сурталчлан таниулах, утга зохиолын үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, соён гэгээгүүлэх зорилгыг мөн агуулжээ.


Яруу найргийн уг тэмцээнийг 3 үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр үе шат нь чөлөөт сэдвээр өөрсдийн зохиосон яруу найргийг унших, хоёрдугаар үе шат нь зохион байгуулагч байгууллагаас өгсөн сэдвийн дагуу шүлэг зохиох, гуравдугаар үе шат нь Их зохиолч Д. Нацагдоржийн шүлэг яруу найргаас сонгон цээжээр уран яруу унших байв.


Уралдааны тэргүүн байрт Зуунмод сумын Монгени 5 дугаар сургуулийн сурагч Б. Цолмон, дэд байрт Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Д.Цэнгүүнбаяр, гутгаар байрт Батсүмбэр сумын ЕБС-ийн сурагч Э.Нарансолонго, Тусгай байрт Хүмүүн цогцолбор сургуулийн сурагч Б.Норовсамбуу, н.Дэлгэрбаяр нар шалгарчээ.


“Ухаарлаас ургасан бодол” яруу найргийн уралдаанд оролцогч Баянхангай сумын ЕБС-ийн сурагч М.Ундрамаас сэтгэгдлийг тодруулбал, “Би энэхүү наадамд 3 дахь удаагаа орж байна. Яруу найргийн тэмцээн уралдаанд орох тусам үгийн баялаг нэмэгдэж, алдаан дээрээ суралцан, улам ихээр сайжирч байгаагаа мэдэрдэг. Энэхүү наадам нь өөртөө дүгнэлт хийх, эргэцүүлэх, өөрийгөө хаана байгаагаа мэдрэхэд тусалдаг гэдгээрээ онцлог” гэв. 



Холбоотой мэдээ