Туркийн сонгуулийг тавдугаар сарын 14-нд явуулахаар товлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-12 10:09:50

АНКАРА. /Politico/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн товыг тавдугаар сарын 14-нд болгон өөрчлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ.


Ингэснээр Туркийн удирдагчийн 20 жилийн засаглалын түүхэн дэх хамгийн хүчтэй хэмээн тодорхойлж болохуйц өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгаа сонгууль товлосон хугацаанаасаа нэг сарын өмнө болохоор болж байна.


Туркт өнгөрсөн сард болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван мянган хүн амиа алдсанаас гадна байгалийн гамшигт өртсөн бүсэд сонгуулийг хэрхэн явуулах вэ гэсэн асуулт урган гарч ирээд байгаа энэ үед дээрх мэдэгдлийг хийжээ.


Р.Эрдоган сонгуулийн товын талаар мэдэгдэл хийх үеэрээ, тавдугаар сарын 14-ний өдрийг хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн уршгийг арилгахын төлөөх өрсөлдөөн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Тэрбээр мөн эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам” болон “Үндэсний хөдөлгөөний нам”-ын эвслээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ зарлажээ.


Энэ долоо хоногийн эхээр тус улсын зургаан намаас бүрдсэн сөрөг хүчний эвсэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ зарлаж, зүүний төвч үзэл баримтлалтай Бүгд найрамдах ардын намын дарга Кемал Кылычдароглуг нэр дэвшүүлсэн юм. 

Холбоотой мэдээ