Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөр иргэдийн саналыг авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-14 08:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, хэлэлцүүлэх, иргэд олон нийтээс санал авах уулзалтыг Булган, Орхон, Дархан-Уул аймагт энэ сарын 9-10-нд зохион байгууллаа.


Уулзалтад УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцож, иргэд, даатгуулагчид, ажил олгогчдын төлөөллийн сонирхсон асуултуудад хариулт өглөө. УИХ-ын ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүрт хамааралтай нийгмийн хамгийн чухал суурь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, саналыг нь авч хуульд тусгах тул иргэдийг идэвхтэй оролцохыг хүслээ.


Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга А.Хишигбаяр танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм. Уулзалтын үеэр иргэд хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжихтэй холбоотойгоор төслийн 9.1 дэх заалтад туссан Тэтгэврийг өвлөх эрх, хүнд нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарах, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх эсэх, нийгмийн даатгалын шимтгэл тооцон авах цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, тэтгэврийн итгэлцүүрийг жил бүр шинэчлэх болон инфляцын түвшингээр тэтгэвэр нэмэгдүүлэх талаар асуулт асууж, саналаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ