Ойрхи Дорнодод "хүйтэн дайн” дууслаа

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2023-03-14 10:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэзээ ч эвлэршгүй дайснууд мэт хоорондоо сөргөлдөж байсан Саудын Араб, Иран хоёр 2016 онд тасарсан дипломат харилцаагаа сэргээн тогтоож, 25 жилийн өмнө байгуулсан эдийн засгийн гэрээ хэлэлцээрүүдээ дахин хэрэгжүүлэхээр тохиролцсон нь дэлхийн улс төрд дуулиан тарилаа. Тэр тусмаа “Ойрхи Дорнод дахь хүйтэн дайн” гэж нэрлэгдэх хүртлээ хурцадсан хямралыг зогсоохын тулд Хятад улс “эвлэрүүлэн зуучлах” үүрэг гүйцэтгэсэн нь олон улсын ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татав.


Харилцаагаа хэвийн болгох асуудлаар хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн онд Ирак, Оманд хэлэлцээ хийж байсан бол өнгөрсөн долоо хоногт хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Бээжинд уулзаж, хэдхэн хоногийн дотор тохиролцоонд хүрч чадсан нь ажиглагчдын хувьд санаандгүй оромгүй үйл явдал боллоо.  


Хоёр талын гаргасан хамтарсан мэдэгдэлд “эвлэрэх үйл явцын эхлэлийг тавих санаачилгыг гаргасан Хятадын удирдагч Ши Жиньпинд тусгайлан талархал илэрхийлжээ”. Ираны IRNA агентлаг мэдээлснийг үзвэл, тус улсын Ерөнхийлөгч Э.Раиси 2 дугаар сард Бээжинд айлчилсны дараачаас хэлэлцээний үйл явц идэвхжсэн байна.


БНХАУ-ын тэргүүн дипломатч Ван И хоёр талын хамтарсан мэдэгдлийн ач холбогдлыг үнэлэн хэлэхдээ

“Энэ бол энх тайвны ялалт, энэ бол яриа хэлэлцээний ялалт, мөн дэлхий дахины нөхцөл байдал ороо бусгаа байгаа энэ үед бидний хүлээн авч буй маш сайн мэдээ, цаашдаа ч Хятад улс бүс нутгуудын сөргөлдөөнийг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй байна” гэлээ.


Хэдхэн хоногийн өмнө Хятад улс Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох талаар энхийн санаачилга дэвшүүлсэн боловч талуудын дэмжлэгийг төдийлөн аваагүй билээ. Харин энэ удаад Ойрхи Дорнодын тэргүүлэгч хоёр гүрнийг эвлэрүүлж чадсан нь олон туйлт ертөнцийг бий болгоход том алхам болсон гэж зарим ажиглагчид үзэж байна.  


Бээжин хотноо Саудын Араб, Иран хоёр дипломат харилцаагаа сэргээснээс гадна 2001 онд гарын үсэг зурсан Аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны гэрээ, 1998 онд байгуулсан Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээгээ сэргээн хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Сүүлийн 10 жилийн турш сөргөлдсөөр ирсэн бүс нутгийн хамгийн хүчирхэг хоёр гүрэн хоорондоо эвлэрсэн явдалд Ирак, Оман улсууд болон Иранаас санхүүгийн дэмжлэг авдаг Йемений хусит босогчдын командлал, Ливаны шиитүүдийн “Хезболлах” хөдөлгөөний удирдагч баяр хүргэлээ. Цагаан ордны төлөөлөгч Жон Кирби-гийн мэдэгдсэнээр бол, Саудын Араб улс хэлэлцээний явцын талаарх мэдээллийг АНУ-д өгч байсан, гэхдээ Вашингтон хэлэлцээний процесст шууд оролцоогүй ажээ.


"Тоглоомын шинэ дүрэм"

Хүчирхэг хөршүүд болох Саудын Араб, Иран хоёр бүс нутагтаа давамгайллыг олж авахын тулд хэдэн арван жилийн турш хоорондоо өрсөлдөн сөргөлдөж байгаа юм. Тэдний сөргөлдөөн шашны зөрчлөөр улам хурцадсаар ирлээ. Энэ нь исламын шашны хоёр гол урсгалыг тус хоёр улс төлөөлж ирсэнтэй холбоотой. Тодруулбал, Иранд голдуу шиитүүд амьдардаг бол саудын арабчуудын ихэнх нь  суннит урсгалыг баримталдаг. Саудын Араб бол исламын шашны өлгий нутаг учраас саудчууд өөрсдийгөө лалын ертөнцийн манлайлагч үзсээр иржээ.   


1979 онд Иранд исламын хувьсгал ялснаар бүс нутагт шашны теократик улс бий болж, засаглалын ийм хэлбэрийг бусад улсад дэлгэрүүлэх явдлыг гол зорилгоо болгов. Улмаар сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнодод дэгдсэн бүхий л сөргөлдөөн нь хоёр улсын харилцаанд нөлөөлж, улам хурцатгасаар байлаа. Тухайлбал, Йемен, Сирид болж буй иргэний дайн, Бахрейн, Ливан, Иракт дэгдсэн улс төрийн сөргөлдөөний үеэр бүс нутгийн лидер хоёр гүрэн өөрсдийнхөө ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үйл ажиллагааг явуулсаар ирлээ.   


Сануулан дурдахад, 2016 онд шиитийн номлогч Нимр аль Нимр-ийг Саудын Арабт цаазаар авсан явдлыг хилэгнэн эсэргүүцсэн иранчууд Тегеран дахь Саудын Арабын ЭСЯ руу дайрсан нь хоёр тал дипломат харилцаагаа таслах шалтгаан болсон билээ.


Crisis Group ашгийн бус байгууллагын Ойрхи Дорнодын асуудлаар мэргэшсэн шинжээч Дина Эсфандиари дүгнэн хэлэхдээ “бүс нутгийн хоёр том гүрэн хоорондоо тохиролцсон нь тоглоомын дүрмийг өөрчилж байна, тэд бүс нутгийг хоорондоо хуваан авч, асуудлыг шийдэх болсноор тус бүс нутагт үүссэн ихэнх асуудал мартагдах тийшэээ хандана, энэ нь өөрөө асуудал үүсгэнэ” гэлээ. Харин Ираны Гадаад харилцааны сайд Хосейн Амир Абдоллахиян “тус улс бүс нутгийн хямралыг зогсоохын тулд хэд хэдэн санаачилгыг дэвшүүлэх гэж байгаа” гэж мэдэгдсэн боловч чухам ямар санаачилгууд вэ гэдгийг тодруулсангүй.


Хоёр талын сөргөлдөөний халуун цэг бол Ливан юм. Тус улсад амьдардаг шиитүүдийн эрх ашгийг иранчууд хамгаалж, “Хезболла” цэрэг-улс төрийн байгууллагыг ивээн тэтгэдэг бол саудын арабчууд суннит урсгалынхныг дэмждэг. Ийм зөрчилдөөн нь Ливанд улс төрийн хямралыг үүсгээд байсан бол одоо Эр-Рияд, Тегеран хоёр эвлэрснээр Ливаны Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахад учирч байсан саад арилна.


Нөгөөтэйгүүр, сөргөлдөөний өөр нэгэн халуун цэг нь Ирак. Тус улсад бүрэлдсэн шийдвэр гаргах механизмд нөлөөлж чадахуйц улс төр, цэргийн зарим фракц бүлэглэлүүд Тегераны заавраар ажилладаг нь нэгэнт тодорхой болсон. Өнгөрсөн оны 9 дүгээр сард хижабтай холбоотой эсэргүүцлийн ажиллагаа Иранд дэгдсэний дараа шиитүүдийн зарим бүлэглэл Саудын Арабыг буруутгасан хатуу ширүүн мэдэгдэл хийсэн бол одоо хоёр тал эвлэрснээр иймэрхүү үг ярианы өнгө аяс илт зөөлрөх болов уу.


Эцэст нь дүгнэхэд, Иран, Саудын Араб хоёр "Ойрхи Дорнодын хүйтэн дайн"-ыг зогсоохыг үнэхээр хүсэж байгаа эсэх нь ойрын үед тодорхой болно. Учир нь, хэдхэн долоо хоногийн дараа мусульманчуудын ариун сар болох Рамадан эхлэх үед талууд Йеменд гал зогсоох асуудлыг шийдэж чадах уу гэдэг нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.  

Холбоотой мэдээ