Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.2 дахин нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-17 15:35:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (2.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Үүнд, уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд нүүрс олборлолт 1.1 (8.9 дахин) их наяд, металлын хүдэр олборлолт 117.3 (20.4 хувь) тэрбум, газрын тос олборлолт 111.2 (25.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 77 хувийг эзэлж байна.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн дээрх хугацаанд 3.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (2.2 дахин) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.4 (10.2 дахин) их наяд, металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 225.6 (28.7 хувь) тэрбум, газрын тосны олборлолтын салбарын борлуулалт 105.7 (100 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолтын салбарын борлуулалт 16.6 (7.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.


Тус салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 2.5 их наяд төгрөг буюу 74.6 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 2.4 их наяд төгрөг буюу 98.7 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байгааг УУХҮЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ